Шүүхээс М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө 08.30 цагт эхэллээ. Шүүх хурал нэг цаг гаруй хугацаанд үргэлжилж шүүхээс М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах албан ёсны мэдээллийг гаргасан байна.

Уг мэдээлэлд:

“Шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулаар, шүүх хуралдааныг тавдугаар сарын 5-ны  өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан. Прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ.

 

Шүүх хурлын өмнө  М.Энхсайхан  хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн.  Тэрээр “Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчихоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр рүү орж байгаа нь ноцтой үйл явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улстөржилтөөс үүдсэн” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE