ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН ДОПИНГИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

 

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН

ДОПИНГИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний  албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарт зориулж цувралаар сургалт зохион байгуулж эхэлсэн.  Эхний сургалт  “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр явагдсан бол хоёр дахь сургалт өнөөдөр буюу 2017.03.31-ний өдрийн 08.30 минутад  Спортын төв ордны “А” зааланд “Допинг ба өнөөгийн байдал”,“Допингийн эм зүйн ангилaлын хориглосон жагсаалт” сэдвийн хүрээнд боллоо. Сургалтыг САУЭША-ны дарга Ч.Насанбат удирдсан юм.

МУ-ын гавьяат эмч Ч.Насанбат Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын шинэчлэн батлагдсан жагсаалтыг танилцууллаа. Дэлхийн допингийн эсрэг агентлаг допингийн эсрэг үйл ажиллагаагаа улам бүр идэвхижүүлж,  хориотой эм зүйн ангилалын төрлүүдээ нэмэгдүүлж, допинг хэрэглэсэн тамирчны хүлээх хариуцлагыг чангатгажээ.

Тухайлбал өмнө нь тухайн тамирчнаас допингийн хориглосон бодис илэрвэл хэрэглэсэн эмийн шинж чанараас шалтгаалж эрхийг нь  3 сараас 2 жил хүртлэх хугацаагаар хасдаг байсан. Харин одоо буюу 2017 оноос хэрэгжиж буй допингийн шинэчилсэн хууль дүрмээр тухайн тамирчнаас допингийн эм зүйн хориглосон бодис илэрвэл эрхийг нь хамгийн багадаа 4 жилээр, давтан илэрвэл бүх насаар нь эрхийг нь хасах арга хэмжээ авахаар болжээ.

Өглөө 08.30 цагт эхэлсэн  тус сургалтад шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нар хариуцлагатайгаар бүтэн багаараа хамрагдлаа. Үндэсний шигшээ багийн гишүүд сургалтыг 2-3 удаа тасалсан тохиолдолд шигшээ багаас хасах хүртэл арга хэмжээ авах юм. САУЭША-наас зохион байгууж буй энэхүү сургалт  дөрөвдүгээр сарыг дуустал олон сэдвийн  хүрээнд өрнөх бөгөөд долоо хоногт хоёр удаа болно.

Эх сурвалж: http://sport.gov.mn/

SHARE