ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН САЙД В.Н.КОРЕШКОВ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

 Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбоо 2015 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрөгч 2 сард Евразийн эдийн засгийн комиссын интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд Т.Д.Валовая Монгол Улсад ажлын айлчлал хийсэн юм. Энэ үеэр Монгол улс болон Евразийн эдийн засгийн комиссын хооронд “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлж, хамтарсан судалгааны ажлыг ойрын үед эхлүүлэх  санал тавьсан.
Энэхүү хүсэлтийн дагуу Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Монгол Улсад 2017 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 1-ний хооронд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтын гол зорилго нь “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулахын тулд эхний ээлжинд хоёр талын стандарт болон техникийн зохицуулалтын баримт бичгийг судлах шаардлагатай ба энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах, мөн хоёр талын стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг ижилтгэх, худалдаанд саад учруулж буй баримт бичгийн хязгаарлалтын тодорхой нөхцлүүдийг талууд зөвшилцөн нэг техникийн баримт бичиг, нэг тохирлын үнэлгээг худалдаанд хэрэглэхээр тохиролцсон аж.
Энэ ажлын хүрээнд Евразийн эдийн засгийн комисстой техникийн баримт бичгээ уялдуулах, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хийж буй анхны уулзалт болж байна. Стандарт, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцан нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд техникийн баримт бичгээс шалтгаалсан хориг хязгаарлалтыг багасгах, цаашлаад “Үндэсний чанарын хөтөлбөр”-т тусгагдсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, чацаргана, зөгийн балыг гадаад зах зээлд гарахад түлхэц болж буй чухал үүргийг гүйцэтгэх юм.
Худалдааг хөнгөвчлөх суурь болсон стандарт техникийн баримт бичигт тавих шаардлагыг ижилтгэх, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж буй төрийн бодлого, худалдаа эрхлэх боломж нөхцлийн үндсийг бүрдүүлж өгч байдаг.
SHARE