Их Британид хөл хорьж карантин зарлав

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсад коронавирусын цар тахлын улмаас дор хаяж гурван долоо хоногийн хугацаанд хөл хорьж карантин зарласныг мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Борис Жонсон Их Британийн ард түмэнд телевизээр хандан үг хэлэхдээ, “Иргэн бүр коронавирусын цар тахалтай хийж буй тулалдааны оролцогч болж байна. Бид хамтдаа энэ өвчний тархалтыг зогсоон олон мянган хүний амь насыг авран үндэсний эрүүл мэндийн салбараа хамгаалах цаг боллоо. Манай улсын ард түмэн энэхүү шинэ сорилтыг даван туулж илүү хүчтэй болох чадвартайг түүх гэрчилнэ.

Би Их Британийн ард түмэнд маш энгийн даалгавар өгч байна. Хүн бүр гэртээ байх ёстой. Онцгой тохиолдолд л гэрээсээ гарч болно.  Манай улсын иргэд дэлгүүр орж хамгийн хэрэгцээтэй хүнс, бараа худалдан авч болох ба гадуур хоёроос дээш хүн цуглахыг цагдаа тараах эрхтэйг анхаарна уу. Гэрээс гүйцэтгэх боломжгүй ажилд л явж болно. Хөл хорих дэглэмийг зөрчсөн иргэдэд торгууль ногдуулна” гэжээ.

Их Британид хамгийн их шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалддаггүй бүх дэлгүүр, номын сан, хүүхдийн тоглоомын газар зэргийг хаасан байна. Үүнээс гадна хүүхэд загалмайлах, хуримлах зэрэг арга хэмжээг хоригложээ.

Тус улсад 6650 хүн коронавирусаар өвчилж 335 хүн нас бараад байгаа юм. Тус өвчний тархалтын эхний үед Их Британид Италиас илүү хүн амь насаа алдсан ажээ. Үүнээс гадна коронавирусаар халдварласан хүний тоо батлагдсанаас хэд дахин илүү байх магадлалтай юм байна.

Б.Төгсөө

SHARE