Байгануураас хурдтай интернетийн 34 “OneWeb” хиймэл дагуул бүхий пуужинг амжилттай хөөргөжээ

Өчигдөр Москвагийн цагаар 20.06-д Казахстан дахь Байгануурын сансрын буудлаас Их Британийн хурдтай интернетийн 34 “OneWeb” хиймэл дагуул бүхий ОХУ-ын “Союз-2.1 б” пуужинг амжилттай хөөргөсөн тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын “Роскосмос” компанийн Ерөнхий захирал Дмитрий Рогозин мэдэгдэхдээ, бүх хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд төлөвлөсөн ёсоор амжилттай гаргасан гээд дэлхийд үүссэн халдварын амаргүй нөхцөл байдалд хиймэл дагуулуудыг хөөргөхөд хамтран ажилласан бүх орны компаниудад талархал илэрхийлжээ.

“OneWeb” компанийн захирал Адриан Стекел хэлэхдээ, “Сансар дахь амжилттай ажиллагааны ачаар хурдтай интернетийн хүртээмж эрс нэмэгдэж байна. Энэ нь коронавирусын цар тахлын үед олон хүнд гэрээсээ ажлаа хийх, боловсрол эзэмших, чухал мэдээллийг цаг алдалгүй авах, хоорондоо холбоотой байх боломжийг улам бүр нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж цохон тэмдэглэсэн байна.

Б.Төгсөө

 

SHARE