Европын холбоо хилээ 30 хоногоор хаажээ

Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид видео хурал хийн өчигдрөөс эхлэн гадна хилээ 30 хоногоор хаах шийдвэр гаргасан тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдсэн билээ.

Тэрээр, “Европын холбоо, Шенгений бүсийн хилийг 30 хоногоор хаалаа. Энэ хугацаанд Европын холбоо болон бусад орны хооронд аливаа аяллыг зогсоож байна. Бид коронавирусын цар тахлын эсрэг дайтаж байна. Бидний дайсан үл харагддаг ч, давшсаар байна.  Бид иргэдээ хамгаалан коронавирусын тархалтыг зогсоохын тулд ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэжээ.

Европын холбоо нь эгнээндээ 27 орныг нэгтгэсэн 453 сая гаруй хүн амтай байгууллага бүх гишүүн оронд коронавирусын өвчлөл бүртгэгджээ. Ойрын 30 хоногт Европын холбоо руу зөвхөн тус холбооны гишүүн орнуудын иргэд орох эрх эдлэх юм байна.

Үүний сацуу Европын холбооны улс орнууд дотооддоо 15 хоногийн хөл хорих карантин зарлаж, үүнийг зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоор болжээ. Жишээ нь, Италид хүндэтгэлгүй шалтгаанаар гудамжинд гарсан иргэнийг 200 евро, давтан зөрчил гаргавал 2000 еврогоор торгож хорих ажээ.

Б.Төгсөө

SHARE