Кевин Дюрант коронавирусийн халдвар авчээ

NBA-гийн “Брүклин Нетс”-ийн довтлогч Кевин Дюрант коронавирусийн шинжилгээ өгч, хариу нь эерэг буюу халдвар авсан гэж гарснаа зарлалаа. Тамирчны биед халдварын ямар нэгэн шинж тэмдэг огт илрээгүй хэрнээ шинжилгээний хариу эерэг гарсан байна.

“Карантины журмыг чандлан сахиж, бие эрүүл мэндээ бодож, сэрэмжтэй байцгаагаарай. Бид бүгдээрээ энэ сорилтыг давж гарах болно” хэмээн Кевин Дюрант өгүүлжээ.

Үүнээс өмнө “Брүклин”-ий дөрвөн тоглогчоос коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээ түгээд байсан билээ. Дюрантын хувьд ахиллын шөрмөс тасарсан хүнд гэмтлийн улмаас энэ улирлыг өнжиж байгаа.

“Юта Жаз”-ын төвийн тоглогч Руди Гобероос коронавирусийн халдвар илэрсний дараагаар NBA тоглолтуудаа зогсоох шийдвэр гаргасан юм. Үүний дараагаар Гоберийн нэг багийн анд Донован Митчелл болон “Детройт”-ын Кристиан Вүд нараас халдвар илэрч, нөхцөл байдал газар авсан нь тодорхой болсон.

News1.mn Р.Гэгээ

SHARE