Энжейчик: Вэй Лиг хэдэн цагийн турш уйлахад нь тайвшруулмаар санагдсан ч …

Вэй Ли Жан – Йоанна Энжейчик нарын тулаан UFC-гийн түүхэн шилдэг таван тулааны нэгд нэрлэгдсэнээс гадна эмэгтэй тулаанчдын оргил тэмцэл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Хоёулаа бие биен рүүгээ 800 орчим цохилт хийсэн энэ ширүүн тулааны дараагаар Энжейчикийн нүүр дух булдруу болж, харахад нүд хальтармаар байсан. Гэвч түүний хавдар удалгүй буусан бол харин аваргын бүсээ хамгаалж чадсан Вэй Ли эмнэлэгт хэдэн цагийн турш зовиуртаа шаналан уйлсан гэнэ.

Вэй Ли энэ тулаанд 408 цохилт хийснээс 165 нь байгаа оносон юм. Харин Йоанна 360 цохилт хийснээс 186 нь ончтой тусчээ.

“Жан үнэхээр сайн тулалдсан. Аваргад баяр хүргье. Бид сайхан тулаан үзүүлж чадсандаа баяртай байна. Бид хоёр тамын үзүүлбэр толилуулсан” хэмээн Энжейчик өгүүлсэн юм.

UFC 248 дууссанаас хойш хэдхэн минутын дараагаар тэд нэг эмнэлэгт дахин тааралдсан байна. Тэднийг нэг өрөөнд оруулж, зөвхөн хөшгөөр тусгаарлажээ. Энжейчикийн нүүрний хавдар удалгүй бууж эмнэлгээс гарсан бол Вэй Лигийн зовиур шарх их, нэмэлт шинжилгээ хийлгэж үлдсэн байна.

“Биднийг бараг л зэрэг эмнэлэгт аваачсан даа. Хөшгөөр л тусгаарлаж байлаа. Йоанна хэдэн цагийн турш уйлсан болохоор надад их хэцүү, гунигтай санагдсан. Тайвшруулахыг хүссэн ч гэсэн хэр өөртэй болохоор “Сайн тулалдсан шүү. Чи сайн байсан” л гэж хэлж чадсан. Гэвч тэр толгойгоо гараараа дараад уйлаад л байсан” хэмээн Энжейчик ярьжээ.

Харин Вэй Ли “Түүнийг явахад би шинжилгээний хариугаа хүлээж байлаа. Дэргэдүүр минь өнгөрөхдөө “Аваргын бүсээ үргэлжлүүлэн хамгаалсаар байгаарай. Би чиний тулааныг үзэх болно. Тулаан бүр хэцүү байх болно шүү” гэж хэлэхийг нь сонсоод сэтгэл их уярч, уйлсан. Тулаанч хүн ийм л байх ёстой гэж дотроо бодож бахархсан” хэмээн Вэй Ли өгүүлжээ.

Вэй Ли – Энжейчикийн тулаан UFC-гийн түүхэнд цохилтынхоо тоогоор эхний 3-т бичигдсэн юм.

“Энэ бол миний харсан хамгийн шилдэг тулаануудын нэг. Тулаан дууссаны дараа надад “Тэд бараг 800 цохилт хийжээ” гэсэн. Энэ бол түүхэн дэх хамгийн аугаа тулаануудын нэг мөнөөсөө мөн” гэж Дэйн Уайт мэдэгдсэн юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE