Туркменистаны Ерөнхийлөгчийн бичсэн номд коронавирусээс хамгаалах жор тэмдэглэгдсэн гэжээ

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов коронавирусээс хамгаалах жорыг олсноо зарлаж, тусгай үйл ажиллагааны үеэр ашиглахыг үүрэг болгожээ. Өөрийнх нь бичсэн номд тус жор дурьдагдсан гэнэ. Тодруулбал, эмт өвс /гармала/-ийн уугих утаа нь нүдэнд үл үзэгдэх жижиг вирусүүдийг устгадаг гэж тэрбээр үзжээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Нурмухаммед Аманнепесов Засгийн газрын хуралдааны үеэр “Ерөнхийлөгч Бердымухаммедовын бичсэн “Туркменистаны эмийн ургамлууд” номд ардын уламжлалт эмчилгээний олон жор тэмдэглэснээс эмт өвсний ашиг тустай чанар коронавирусээс хамгаалах боломжтой” гэж цохон тэмдэглэсэн гэнэ. Ерөнхийлөгч Бердымухаммедов ч үүнийг өлгөн авч хэдэн мянган жилийн турш өвөг дээдэс нь ардын уламжлалт эм, эмчилгээний аргаар тахал болон аймшигт өвчнүүдийг даван туулж байсныг дурьдсан байна.

Ашхабад хотноо хэдэн хоногийн өмнө болсон НҮБ-ын хамтын ажиллагааны хуралдааны үеэр эмт өвсийг уугиулж коронавирусээс хамгаалах арга хэмжээ авсан ажээ. Одоогоор Туркменистан улсын нэг ч иргэн цар тахлын халдвар аваагүй байгаа юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE