Жерард Батлерийг харах гэсэн олны түрлэг олимпийн бамбарын буухиаг цуцлахад хүргэв

Токиогийн олимпийн бамбарын буухиаг зогсоох шийдвэрийг Грекийн Олимпийн Хорооноос гаргалаа. Бамбарын буухиа дөнгөж эхэлснийхээ маргааш ийнхүү зогсоход хүрсэнд коронавирусийн дэгдэлт мөн холливүдийн нэрт жүжигчин Жерард Батлер “буруутай” гэнэ.

Грекийн Спарта хотноо бамбарын буухиаг аялуулах үүргийг Жеррард Батлер хүлээн авсан байна. Гэвч алдартай жүжигчнийг ойроос харах хүсэлдээ автсан хэдэн зуун хүн цугласан тул коронавирусийн халдвар дамжих аюул нүүрлэж, улмаар Грек улсын нутаг дэвсгээр бамбарын буухиаг үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн байна. Грекийн нутаг дэвсгэрээр олимпийн бамбар 3200 км-ыг туулж, 600 хүн бамбарыг буухиалан гүйхээр төлөвлөөд байжээ.

Харин одоо гуравдугаар сарын 19-нд Панафинейн хоосон стадионд бамбарыг Японы талд дамжуулахаар болов. Тэндээс олимпийн бамбарыг онгоцоор Японд аваачиж, гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужаас буухиаг үргэлжлүүлэх хуваарьтай юм. Японы 47 мужийг дамжин буухиалсны дараагаар бамбар долоодугаар сарын 24-нд олимпийн наадмын нээлтийн ёслол болох стадионд залрах ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

 

SHARE