Нью-Йоркт коронавирусээс айсан иргэд дэлгүүрийн лангууг хоосолж байна

АНУ-ын Нью-Йоркт иргэд коронавирусийн халдвараас айж балмагдсандаа хоол хүнс болон ариун цэврийн бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор нөөцлөх болжээ. Хүнсний бараа бүтээгдэхүүн, гар угаах шингэн, амны хаалт, 00-ийн цаас, эм зэргийг иргэд олон тоогоор бөөнөөр нь худалдан авсанаар дэлгүүрийн лангуу хоосорч эхэлсэн байна.

Коронавирусийн халдвар Нью-Йорк мужид эрчтэй дэгдэж буй тул онц байдал зарласан юм. Одоогоор тус мужийн 105 иргэн халдвар авсан нь тогтоогджээ. Харин АНУ улс даяар 560 хүн халдвар авч, 21 хүн нас барсан гэсэн тоо мэдээлсэн.

Улаан загалмай нийгэмлэгээс иргэдэд хандан “Онц байдал зарласан энэ нөхцөлд  бэлтгэлээ сайн хийх ёстой” гэсэн зөвлөгөө тараасан нь гал дээр тос нэмсэнтэй адил үйлчилж буй гэнэ. Дор хаяж 30 хоногийн эмийн нөөцөө базаах, өвчин намдаагч заавал гэртээ байлгах, ханиад томууны эм болон витамин авахыг Улаан загалмайгаас зөвлөсөн юм байна. Мөн ойрын 14 хоногтоо хэрэглэх хоол хүнсний зүйлсээ ч нөөцөлж авахыг сануулсан ажээ.

Үүний үр дүнд гар угаагч шингэний дэлгүүрийн нөөц бараг барагдаж, олдоц маш ховордсон байна. Costco, Walmart, Target, Home Depot зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд урт дараалал үүсчээ.

“Бүгд коронавирусээс айж, ус, бяслагаа хүртэл нөөцлөх боллоо” хэмээн Брүклиний Costco дэлгүүрийн ажилтан ярьсан байна. Зул сарын баярын өмнө хүмүүс шавдгаас ч олон хүн дэлгүүрт дугаарлах болсныг хэвлэлүүд цохон тэмдэглэж байна.

Гар угаагч шингэний хомсдол үүссэн тул жирийн үед 9 ам.доллараар зарагддаг Purell ариутгагч Amazon-оор 299 ам.доллараар зарагдсан тохиолдол гарчээ. Мөн 20 ам.долларын нэг хайрцаг амны хаалтыг 1000 ам.доллараар худалдан авсан нь ч бий гэнэ. Amazon-оос үнэ хөөрөгдөн зарах оролдлогуудыг хаахыг хичээж 530 мянган зарыг устгахад хүрчээ.

Мөн Нью-Йоркийн 3000-аад иргэн өөрөө өөрсдийгөө тусгаарлаж буйгаа зарлаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Тамгын газрын ажлын хэсэгт багтдаг эмч Жером Адамс иргэдэд хандан “Өнгөрсөн жил ханиад томуу болон хатгаагаар 18000 гаруй хүн нас барсан. Энэ нь коронавирусийн халдвараар нас барагсдын тооноос олон дахин их тул цочирдол балмагдалд автахгүй, тайван байхыг зөвлөе” гэж мэдэгдсэн ч тусыг олохгүй улам үймж бужигнах байдал газар авсаар гэнэ.

news1.mn Р.Гэгээ

SHARE