Энжейчикийн тухай сонирхолтой таван баримт

UFC 248-д Хятадын Вэй Ли Жан шүүгчдийн саналаар ялагчаар тодорсон ч 30 настай польш бүсгүй Йоанна Энжейчикийн дайчин чанар, тэсвэр тэвчээрийг дэлхий дахин бахдсан. Нүүр духаа булдруу болтлоо нүдүүлсэн Энжейчикийн тухай таван баримтыг хүргье.

Ихэр нь нягтлан бодогч

52.2 кг-ын жинд өрсөлддөг Йоанна Энжейчик  октагонд 20 тулаан хийхдээ 16-д нь ялалт байгуулж, дөрвөн удаа ялагдсан юм. Йоанна ихэр юм байна. Ихэр нь 25 минутын дараагаар хорвоод мэндэлсэн гэнэ. Гэхдээ Йоаннаг бодвол Катажина тулааны мөр хөөгөөгүй. Харин ч бүр эсрэгээрээ нягтлан бодогчийн мэргэжил эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу ажилладаг юм байна. Ихэр хоёр мөн Ева гэх эгчтэй ажээ

13 настайд нь спортоор хичээллэхийг хоригложээ

13 настай Энжейчик сагсанбөмбөгч болохоор шийдсэн байна. Гэвч элэгний хэт томролттой гэсэн үндэслэлээр спортоо орхихыг зөвлөж бүр бэлтгэл хийхийг ч хориглосон байна. “Элгийг маань хэвийнхээс хэтэрхий том байна гээд бэлтгэл хийхийг хориглож, хоолны дэглэмээ өөрчлөхийг шаардсан. Ер нь таагүй зүйл тулгарах тун дөхсөн” гэж Йоанна ярьжээ. Эмчийн шаардлагаар ийнхүү хэсэг зуур спортоо орхиход хүрчээ. 17 настайдаа дахин эмчид хандахад элэг нь хэвийн хэмжээнд орсныг дуулгаснаар спортоор дахин хичээллэх болсон байна. Гэхдээ сагсанбөмбөгөө орхиж, тулааны спортыг хобби маягаар сонирхсон нь хожмоо насан туршийнх нь спорт болжээ.

Бүдүүлэг эрийг гөвшив

Польшийн TVN-д өгсөн ярилцлагадаа Энжейчик нэгэн эрийг нам цохисноо дурьдсан удаатай. “Энэ их тэнэг түүх л дээ. Гэхдээ ярья. Нэг залуу таарсан юм аа… Их бүдүүлэг, балмад этгээд. Найз бүсгүйтэйгээ хамт яваа хэрнээ хажуудаа суугаа өөр бүсгүйд “хандраад”, хачин хачин санал тавиад байлаа. Би тэр үгсийг нь хэлж ч чадахгүй нь. Үнэхээр ой гутмаар эр. Тэгэхээр нь би босч очоод нам цохичихсон. Ганц цохилтоор шүү” гэж Энжейчик ярьсан байдаг.

Өрсөлдөгчдөө цаасан бүс зүүв

2017 оны тавдугаар сард Энжейчикийн өрсөлдөгч нь Жессика Андраде байлаа. Жин үзэх үеэр Йоанна өрсөлдөгчөө даапаалж “Хий хоосон мөрөөдөл” гэх бичиг бүхий цаасан бүсийг бэлэглэсэн юм. Энэ тулаанд шүүгчид санал нэгтэйгээр Энжейчикт ялалт өгсөн.

Ер нь Энжейчик хэвлэлийн хурал зэрэг үйл явдал дээр номхон дорой байх дургүй. Вэй Ли Жантай хийх тулааны өмнөх хэвлэлийн хурал дээр л гэхэд “Наад амаа хамхи” хэмээн чанга хашгирч, сэтгүүлчдийг инээлгээд авчээ.

Хөх томруулах хагалгаа хийлгэв

Йоанна Польшийн доогуур лигийн нэгэн багийн хөлбөмбөгчтэй найзалж байсан юм билээ. Одоо тэд харилцаагаа тасалжээ. Энжейчик гоо сайхандаа анхаарал хандуулахаар шийдэж, хөхөө томруулах мэс засал хийлгэсэн гэдэг.

News1.mn Р.Гэгээ

SHARE