Харви Вайнштейн зүрхэндээ хагалгаа хийлгэмэгцээ шоронгийн арал руу ачигджээ

Холливүдийн хамгийн нөлөө бүхий продюсеруудын нэг гэгддэг 67 настай Харви Вайнштейнийг шүүх хурал хоёрдугаар сарын сүүлчээр болсон. Үүний дараагаар зүрхэнд нь маш хүнд хагалгаа амжилттай хийгээд шоронгийн арал гэгддэг Райкерс руу ачсан байна.

Харви Вайнштейн жүжигчин бүсгүйчүүдэд киноны гол болон туслах дүрийг өгөхдөө хариуд нь секс хийхийг шаардаж, бэлгийн дарамт үзүүлж, хүчиндсэн хэргийнхээ улмаас гуравдугаар сарын 11-нд шүүхээс эцсийн шийдвэрээ сонсох юм.

Олон жүжигчин мэдүүлэг өгч байгаагаас жишээ татахад 40 настай Дон Даннинг театрын сургууль дөнгөж төгсөөд бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа Харви Вайнштейнтай танилцаж, улмаар хэд хэдэн удаа секс хийвэл дүр өгнө гэх амлалт, тулгалттай тулснаа дурьджээ. Мөн Сальма Хайек, Шарлиз Терон нарт эхний дүрийг нь Харви Вайнштейн өгч алдаршихад нь тус болсон хэмээн хашгирсан тухай Дон Даннинг мэдүүлсэн байна. Гэвч тус хэргийн хохирогч нарын дунд Сальма Хайек болон Шарлиз Терон нар байхгүйг хэвлэлийнхэн онцолжээ.

“Тийм ээ, Харви зүрхэндээ маш хүнд хагалгаа хийлгэсэн. Хагалгаа дөрвөн цаг үргэлжилсэн. Хагалгаа хийлгэснээс хойш ердөө хоногийн дараа л түүнийг Райкерс рүү ачсан” гэж Харви Вайнштейний төлөөлөгч өгүүлжээ.

Райкерс бол дэлхийн хамгийн том шорон гэгддэг газар бөгөөд энэ арал дээр 10 гаруй шорон байрладаг юм. Баячуудын шорон ч гэж хэвлэлээр нэрлэх нь бий. Энэ арал дээр сургууль, албан байгууллага, гоо сайхны салон, автозогсоол, ресторан, шатахуун түгээх станц, дэлгүүр гээд хүнд хэрэгтэй бүх зүйл байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, мөрөөдлийн шорон ч гэж хэлж болох аж.

2016 онд шоронгуудын дарга нарыг үүргээ сайн биелүүлэхгүй байгаа тул татан буулгах тухай яриа гарсан ч 2026 он хүртэл хойшлуулсан юм. 2026 онд Райкерсийн бүх шоронг татан буулгаж, хоригдлуудыг бусад шорон руу хуваан илгээх ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE