Гадаадын иргэдэд хяналт шалгалт явууллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, сургалтын төвүүдэд хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд ээлжит хяналт шалгалтыг явууллаа.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 67 байгууллагын 35 орны 783 иргэн шалгалтанд хамрагдсан байна. Эдгээр иргэдийн дийлэнхи буюу 49.5 хувь нь хөдөлмөр эрхлэгчээр, 36.1 хувь суралцах, мэргэжил дээшлүүлэхээр оршин суух зөвшөөрөлтэй байсан бол үлдсэн хувь нь хөрөнгө оруулагч, сайн дурын ажилтан, албан хэрэг, хувийн болон гэр бүлийн гишүүнээр Монгол улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд байв.

Шалгалтын явцад Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй 3 орны 6 иргэнийг илрүүлсэн бөгөөд зөрчил гаргасан иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар болоод байна.

Цаашид Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас гадаадын иргэдийн бичиг баримтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтанд хамрагдсан нийт байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, энэ талаархи мэдээлэл солилцон хамтран ажиллахаар боллоо.

SHARE