Н.ЖАВХЛАНТӨГС: БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХАД БИДНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны тогтоолоор “Хууль зүй, дотоод хэргийн яамны эрсдэлд суурилсан дунд хугацааны төлөвлөгөө (2017-2020 он)” батлагдсан. Тус төлөвлөгөөний 2 ба 3 дугаар зорилт болох дотоод аудитын ажлын үр дүнг сурталчлах, дотоод аудитыг хэрэгжүүлэх хүний нөөцийг мэргэшүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны жилийн төлөвлөгөөний 5.3.2.1 дэх хэсэгт “Хууль зүй, дотоод хэргийн салбарын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан албан хаагчдыг чадавхижуулах сургалтын жилийн төлөвлөгөө боловсруулан сургалт зохион байгуулах” ажлыг тусгасан билээ. Өнөөдөр сургалтын жилийн төлөвлөгөөний дагуу 2017 оны анхны сургалтаа зохион байгуулж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь Засгийн газрын бодлого, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, удирдлагын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөх үйл ажиллагаа юм.

Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллгааг сайжруулах үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус бодитой баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагаа юм.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн ач холбогдлыг цогц утгаар нь  авч үзвэл тухай байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг системтэй, эмх цэгцтэй, арга хандлагаар үнэлэх, сайжруулах замаар байгууллагад туслах үйл ажиллагаа юм.

Дотоод аудит, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан гэж хэн бэ?

Тухайн байгууллагын эрхэм зорилгодоо хүрэхэд учирч болох эрсдэлийг тодорхойлох, засч сайжруулах, хариу арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг хангах, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлагыг мэдээллээр хангах үүрэг бүхий удирдлагын түншлэгч, мэдээлэгч, зөвлөгч гэж хэлж болох юм.

Дотоод аудит юунаас болж алдаа дутагдал гарав гэдгийг тогтоож, үүнийг засч залруулдаг. Хяналт-шинжилгээ бол хэн алдаа гаргасан гэдгийг хайж олж, хариуцлага тооцдог.

Энэ чухал ажлыг хариуцан ажиллаж буй та бүхэн өндөр хариуцлагатай байж дараах зарчмуудыг баримтлан ажиллах ёстой. Үүнд:

  1. 1.    Шударга байх

Та бүхний шударга байдал итгэлийг бий болгож, та бүгдийн дүгнэлтэд тулгуурлах үндэслэл болно. Иймээс шударга байдлыг эрхэмлэн ажиллах нь зүйтэй.

  1. 2.    Бодитой байх, хараат бус байх

Та бүхэн шалгаж буй үйл ажиллагаа болон үйл явцын талаарх мэдээллийг цуглуулах, үнэлэх , түгээхдээ мэргэжлийн бодит хандлагын дээд зэргээр харуулж, холбогдох бүх нөхцөл байдлыг тэнцвэртэй үнэлж, өөрсдийн ашиг сонирхлын буюу бусдын нөлөөнд хэт автахгүй байх ёстой.

  1. 3.    Нууц хадгалах

Хүлээж авсан мэдээллийн үнэ цэнэ, өмчлөлд хүндэтгэлтэй хандаж, хүүлийн буюу мэргэжлийн үүрэгтэй биш бол холбогдох зөвшөөрөлгүйгээр мэдээллийг дэлгэхгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй.

  1. 4.    Мэргэшсэн, туршлагатай , ур чадвартай байх

Та бүхэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, туршлагатай байх ёстой. Энэхүү мэдлэг, ур чадвар, туршлагыг та бүхэнд эзэмшүүлэхээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санаачлан сургалтын жилийн төлөвлөгөө боловсруулсан.

Сургалтын жилийн төлөвлөгөөгөөр эхний 2 сургалт анхан болон дунд шатны, дараагийн 2 сургалт ахисан түвшний сургалт байхаар үе шаттай төлөвлөсөн.

Анхан болон дунд шатны сургалтыг танхимаар сургагч багш зааж, ахисан шатны сургалтыг тодорхой кейс буюу бодит жишээн дээр тулгуурлан хөтөлбөр боловсруулж, зохион байгуулахаар тусгасан.

Хамгийн гол нь тухайн байгууллагын үйл ажиллагаа өнгөтэй өөдтэй, сайн явуулахад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ажилтны оролцоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм байхын тулд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ажилтан өндөр мэдлэг боловсролтой байх ёстой.  Энэ чиглэлээр та бүхэн өөрсдийгөө улам хөгжүүлж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд ур чадвараа дээшлүүлэн ажиллах нь зүйтэй.

Та бүхнийг идэвхи оролцоотой байж, шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшинэ гэж найдаж байна.

Ингээд өнөөдрийн сургалтын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье!

Та бүхэнд амжилт хүсье! 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Н.ЖАВХЛАНТӨГС

SHARE