1072 хувьцаа эзэмшигчдэд 96480 төгрөгийн ногдол ашиг олгоно

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбоотойгоор УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

Хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 90 төгрөг олгох ба 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг ногдож байна.

Гэхдээ уг шийдвэрийг тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх гэнэ. Ингэснээр ногдол ашгийг 2020 онд багтаан олгох бөгөөд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх шаардлагатай. Гэвч өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна.

Үүнээс гадна хувьцаатай иргэн нас барсан бол өв залгамжлалын гэрчилгээний дагуу ногдол ашиг олгох юм.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор фэйсбүүкээр хуурамч мэдээлэл гарах эрсдэлтэй тул Эрдэнэс Тавантолгойн цахим хуудас, 1072 хувьцааны фэйсбүүк хуудас, 1800-1072 утаснаас албан ёсны мэдээлэл авахыг анхаарууллаа.

Мөн ногдол ашиг хуваарилах болсон тул Эрдэнэс Тавантолгой шинэ аппликэйшн бүтээсэн байна. Аппликэйшнийг татаж авснаар хэчнээн хувьцаатайгаа шалгах, санал өгөх, мэдээ мэдээлэл хүлээн авах, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой юм.

Эрдэнэс Тавантолгой ХК нь өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

SHARE