Турк дахь ОХУ-ын Элчин сайдад айлган сүрдүүлж заналхийлсэн захидлууд олноор иржээ

Турк дахь ОХУ-ын Элчин сайд Алексей Ерховт айлган сүрдүүлж заналхийлсэн захидлууд олноор ирсэн тухай “ТАСС” агентлаг уламжилж байна.

Алексей Ерхов “ТАСС” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Өчигдөр орой, өнөөдөр өглөө ирсэн захидлуудаас эшлэвэл, “Танай цэргүүдийн гавал ясаар тэнгэр баганадсан барилга босгоно”, “Урсгасан цусны дусал болгоныхоо төлөө их үнэ төлнө шүү” гэж бичжээ. Намайг сайн хамгаалж байгаа тул амь насандаа санаа зовохгүй байна. Гэвч иймэрхүү утгатай захидлууд Орос, Туркийн ард түмнүүдийн хооронд харилцан үзэлт ядалтын галыг өдөөж болох тул сэтгэл зовних юм” гэжээ.

Эхний заналхийлсэн захидлыг Алексей Ерхов энэ сарын 13-нд хүлээн авсан ба үүнийг ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн арми Туркийн талыг баримтлагч бүлэглэлүүдийн байрлалуудыг довтолж эхэлсэнтэй холбон үзжээ. Туркийн нийслэл Анкара дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгасан байна.

2016 оны арванхоёрдугаар сард Анкарад ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг цагдаа асан Мевлют Мерт Алтынташ гэгч буудан хороож байсан билээ.

Б.Төгсөө

SHARE