Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын тархалтаас үүдэн олон улсын онц байдал зарлав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-аас эхтэй ”2019-nCoV” коронавирусын өдөөгч хатгаа өвчний тархалтаас үүдэн олон улсын онц байдал зарлажээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Женев хотноо мэдэгдсэн байна.

Тэрээр, “Шинэ төрлийн коронавирус эрүүл мэндийн тогтолцоо муутай оронд тархвал ямар их хөнөөл учруулахыг одоогоор таахын аргагүй. Бид тийм улсуудад коронавирусын болзошгүй тархалтад бэлдэхэд яаралтай тусламж үзүүлэх ёстой. Иймд шинэ коронавирус дэлхий даяар тархах болсонтой холбогдуулан олон улсын онц байдал зарлаж байна. Энэ нь хөнөөлт хатгаа өвчин өдөөгч вирусын тархалтад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, үүний эсрэг тэмцэх хөрөнгө цуглуулахад дэм болно.

Одоогоор БНХАУ-аас гадна 18 оронд 98 хүн коронавирусаар дамжсан хатгаагаар өвчлөөд байгаа нь харьцангуй цөөн үзүүлэлт бөгөөд энэ нь БНХАУ-ын хурдан шуурхай, үр дүнтэй үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тэмдэглэмээр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын онц байдал тогтоосонтой холбогдуулан дэлхийн улс орнуудад хандан дараахи зүйлийг зөвлөж байна. Юуны түрүүнд онцын шаардлагагүй бол олон улсын аялал, худалдаанд саад болохгүй байх. Хоёрдугаарт, эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудыг цаг алдалгүй дэмжих. Гуравдугаарт, коронавирусыг оношлох, эмчлэх арга хэрэгсэл болон вакцин боловсруулах ажлыг хурдасгах. Дөрөвдүгээрт, худал мэдээлэл, цуурхал тараахын эсрэг тэмцэх.

Ер нь шинэ төрлийн коронавирусын тархалт нь дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан аюул тул зөвхөн хамтдаа тэмцэж болохыг тэмдэглэе” гэжээ.

Б.Төгсөө

SHARE