Н.Амарзаяа: Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуурамч шатахууны үйлдвэрлэл зогсоно

Өнгөрсөн оны эхээр хуурамч, чанарын шаардлага хангахгүй шатахуунаар хэрэглэгчдэд үйлчилж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлсэн. Одоо тэрээр Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-Та анх хуурамч шата­хууны асуудлаар ерөнхий сайдад асуулга тавьсан. Эндээс ярилцлагаа эхлье?

-Монгол Улсын шата­хуун­тай холбоотой нөхцөл байдлыг ашиглан 2016 оноос эхлэн зарим аж ахуйн нэгжүүд керосин, нафта, химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүдийг тат­вар­­гүй нефть-химийн бүтээг­дэхүүнтэй холих замаар автобензин, дизелийн түлш­­ний үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр ашигтайгаар борлуулах ажиллагаа эхэлсэн гэд­гийг иргэд мэдээлсээр ирсэн. Судалгаанаас харахад 2015 онд 16,2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортлосноос керосин 4,3 мянган тонн, 2016 онд нийт 85,6 мянган тонн бүтээгдэхүүнээс 59,4 мянган тонн керосин, 12,6 тонн нафта тус тус импортолсон байна.

Үүнээс керосины хувьд авч үзэхэд шатахууны ОАТ-ын хэмжээ бага байхад импортын хэмжээ зөвхөн хэрэглээний хэмжээгээр авч байсан бол татварын хэмжээ нэмэгдсэн 2016 оноос хойш керосины импортын хэмжээ 72 хувиар огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2017, 2018 онуудад ч огцом нэмэгдсэн үзүүлэлттэй. Мөн керосинтой хамтаар нефтийн нэрлэгийн хүнд, хөнгөн фракцийн химийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирж буй нь хуурамч, чанарын шаард­лага хангахгүй бензинээр хэрэглэгчдэд үйлчилж бай­гаа­гийн илрэл гэж үзсэн. Тиймээс энэ талаар өнгөрсөн оны эхээр Ерөн­хий сайдад асуулга тавьж, хариултаа авсан. Одоо шатахууны Онцгой албан татварыг чанар стандарттай уялдуулан тогтоох, чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх зориулалтаар импортолж буй үндсэн /онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүнд/ онцгой албан татвар ногдуулах хууль, эрх зүйн орчныг бүр­дүү­лэх чиглэлээр онцгой албан татварын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

-Таны өргөн барих гэж байгаа Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн голлох өөрчлөлт нь юу юм бэ?

-Боловсруулалтын түвшинд л явж байна. Яг энэ хуулийг өргөн барих үед дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Би гаалиас керосин, нафта бүтээгдэхүүний импортоор орж ирж байгаа, түү­ний хэрэглээ ямар хэм­жээгээр өсч байгаа талаар мэдээлэл судалгаануудыг авч байгаа. Мэдээж хууль өргөн барихаас өмнө хэлэл­цүүлгүүд зохион байгуулагдана. Хууль эрх зүйн орчных нь бүтэц нь автобензин, дизель түлш, керосин, онгоцны түлшний онцгой албан татварыг Монгол Улсын үндэсний стандартад заасан экологийн ангилалтай уялдуулан тог­тоох нь зүй ёсны асуудал байгаа.

-Хуурамч шатахуун хэрэглэсэн гэх гомдол хэр их байдаг юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд хуурамч, чанарын шаардлага хангахгүй шатахуунаар хэрэглэгчдэд үйлчилж байгаа гэх гомдол маш их байдаг юм билээ. Би Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. Тэнд уул уурхай, тэр дундаа хүнд механизмын дизель түлшний хэрэглээ өндөр байдаг. Эдгээр хүнд механизмын жолоочид хуурамч шатахууныг мэдэлгүй худалдан авч, тэр авсан шатахуун нь чанарын шаардлага хангасан эсэх нь огт тодорхойгүй явсаар техник нь эвдэрдэг. Энэ нь эдийн засгийн хувьд маш хохиролтой, хүндрэлтэй асуудлуудыг үүсгэдэг. Тэр том тэргийг ихэнх иргэд банканд барьцаа тавьж зээлээр худалдан авч байгаа шүү дээ. Тэр зээлээ төлж чадаагүй байхад машинынх нь дотоод эд анги эвдэрсэн гашуун жишээ зөндөө бий. Ер нь керосин, нафа гэх химийн бодисууд хилээр нэвтрэхэд ямар ч албан татвар байдаггүй юм билээ. Тиймээс Монгол Улсын төрд данстай, дансгүй эсэх нь тодорхойгүй болчихож байгаа юм. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ  хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Шатахуун импортоор орж ирэх хилийн боомтууд нь хүлээн зөвшөөрөгдсөн хил, гаалиар орж ирэхээр тусгагдсан байдаг.

-Ерөнхий сайдад тавьсан таны асуулгын гол үр дүн нь юу юм бэ?

-Сүхбаатар аймаг, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-95 болон түүнээс дээш октантай автобензинийн нэг тонн тутамд 210 мянган төгрөг, дизель түлшинд 280 мянган төгрөг байдаг. Эрээн цав боомтоор орж ирсэн АИ-95 болон түүнээс дээш октантай автобензинийн нэг тонн тутамд 80 мянган төгрөг, дизель түлшинд 150 мянган төгрөгийн онцгой албан татвар төлдөг. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоороо өргөн хэрэглээний 80, 92 автобензинийн онцгой албан татварыг тэглэсэн тохиолдлууд байгаа байхгүй юу. Нэгэнт импортоор орж ирж байгаа энэ тохиолдолд бид импортынхаа хяналтыг чангатгах, сайжруулах, шаардлага хангасан импортын бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчлэх асуудал хамгийн чухал байгаа юм. Энэ утгаараа асуулга тавихад керосин, нафта, хүнд, хөнгөн фракцийн химийн нэрлэг бүтээгдэхүүн гээд тус тусдаа байдаг юм байна. Эдгээрт яагаад онцгой албан татвар ноогдуулах шаардлагатай байдгийг тодорхойлж өгөөч ээ, яагаад ногдуулахгүй байна вэ гэдгийг эхлээд асуусан. Хоёрдугаарт, Цаашид энэ төрлийн чанаргүй бензин үйлдвэрлэгч, түүнийг худалдан борлуулагч, нартай хэрхэн ажиллах, хэрэглэгч нарын гомдлыг хэрхэн барагдуулах, ямар арга хэмжээ авах талаар асуусан. Гуравдугаарт, дээрх бүтээгдэхүүний хэтийн хэрэглээ, түүний тооцооллыг нарийвчлан гаргах, түүний хэрэглээнд хяналт тавих ямар боломж байгаа талаар асуудалд хандсан.

-Керосин, нафта, хүнд, хөнгөн фракцийн химийн нэрлэг бүтээгдэхүүнүүдийг манай улсад хэр их ашигладаг юм бэ?

-Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Ачит эх” ХХК, “Эрдмин” ХХК гэх мэт компаниуд зэс уусган баяжуулах үйл ажиллагаандаа бага хэмжээгээр ашигладаг. Тухайн компаниудын жилийн хэрэглээ 3000 орчим тонн. Мөн бага хэмжээний керосинийг зарим аж ахуй нэгж халаалтад ашиглаж байна. Төрд бүртгэгдсэн мэдээлэл нь л энэ. Аж ахуй нэгж болон хэрэглээний шаардлага нь тодорхой байна. Гэтэл энэ бүртгэгдсэн хэрэглээнээс гадуур асар их худалдаалж, түүнийгээ хуурамч шатахуун болгодог юм билээ. Тэгээд тэр шатахууныг нь үнэ хямд учраас иргэд худалдан авснаар асуудал үүсч байна.

-Эдгээр бодисуудын хор хөнөөл нь юу вэ?

-Агаарыг асар ихээр бохирдуулж байна. Такси, жижиг оврын автомашинууд керосин хольсон хуурамч шатахууныг аваад хэрэглэж байгаа. Энэ нь цаашдаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд агаарын бохирдолтой холбоотой, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой анхаарах ёстой асуудал гэж үзэж, асуулгаа тавьсан юм. Ямар ч байсан Засгийн газар дизель түлш, автобензиний албан татвартай холбоотой асуудлаар байр сууриа ирүүлчихсэн байгаа.

-Асуулга тавьсан гол бодлого нь юу вэ?

-Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа тохиолдолд аль ч аж ахуй нэгж байгуул­лага ашигласан, ашиглаагүй байгаагаас хамаараад нийт иргэдтэй ижилхэн эрх тэгш үйлчилгээ, Монголын төрд үйлчлэх ёстой. Тийм болохоор импортоор орж ирж байгаа нэг литр, тонн тутамд өгч байгаа онцгой албан татварын хувь хэмжээг адилхан керосин, нафта, хүнд, хөнгөн фракцийн химийн нэрлэг бүтээгдэхүүнд өгөх ёстой байхгүй юу. Хоёрдугаарт, үүнийг ямар аж ахуй нэгж, хэдэн тонноор үйлдвэрлэлдээ хэрэглэх юм бэ гэдгийг нь заагөөд өгвөл төрийн хяналт сайжраад ирнэ. Одоо ямар ч хяналтгүй юм болоод байна. Эрх зүйн гол үндэслэл нь Үндсэн хуулийн 16.2-т “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалаалуулах эрхтэй” гэж заасан. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн 4.3.2-т “Евро-5 гэх стандартад нийцсэн чанарын шаардлага хангасан шатахууны импортын хэмжээг дэмжих” гэж Монгол Улс өөрсдөө бодлогоо тодорхойлчихсон. Гэтэл Евро-5 стандартыг керосин, нафта хангахгүй байна. Нэгэнт импортыг дэмжих гээд үндэсний бодлогын хэмжээнд хууль эрх зүйн орчин, Үндсэн хуульдаа заачихсан бодлогын асуудлыг бид хэрэгжүүлээд л явах ёстой. Эсвэл керосин, нафта гэх химийн бодисуудыг хаах асуудлыг анхаарах хэрэгтэй болчихож байна. Тэгэхээр яалт ч үгүй татвар төсөв, түүний орлого бүрдүүлэлт бол Засгийн газрын гол хэрэгжүүлэх асуудал. Шаард­лага хангасан шатахууны импортыг дэмжих, стандартын шаардлагад ний­цээ­гүй шатахууныг импортлох, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох, шата­хууны чанарын хяналтын тогтолцоог сайжруулах асуудлыг Агаарын бохирдлыг үндэсний хөтөлбөрт дэлгэ­рэнгүй тусгачихсан юм билээ. Би энэ бодит заалтыг хэрэгжихгүй байна гэж үзэж байгаа. Үе шаттайгаар хориглох ёстой, хяналтын тогтолцоог сайжруулах ёстой, 5.2.18-т Евро-5 стандартад нийцсэн шатахууны эзлэх хувийг 2019 онд нэг шатахууны 50 хувьд хүргэх гэж байгаа. 2020 онд 80 хувьд хүргэхээр тус тус заасан байгаа. Тэгтэл энэ үндэслэлүүд нь огт хэрэгжихгүй байгаа болохоор энэ асуудлын цаана маш том асуудал байна гэж үзсэн. Хамгийн гол нь Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туйлын шаардлагатай. Тиймээс хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад, судалгаа шинжилгээнүүдээ аваад Засгийн газрын байр суурийг асуулгын хэмжээнд аваад явж байна.

Эх сурвалж: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

SHARE