Тео Эрнандесийг хүчингийн хэрэгт гүтгэсэн загвар өмсөгчийг баривчилжээ

Италийн “Милан”-ы хамгаалагч Тео Эрнандесийг хүчингийн хэрэгт буруутгасан Орос-Испанийн эрлийз, загвар өмсөгч Луиза Кремлеваг хүн гүтгэсэн хэргээр баривчлан саатуулжээ.

2017 онд Испанийн Марбельегийн Olivia Valere шөнийн клубын авто зогсоолын газар Тео Эрнандест зодуулж, хүчиндүүлсэн гэж загвар өмсөгч бүсгүй ярилцлага өгч, улмаар цагдаад хандсан юм. Хэргийг мөн оны зургаадугаар сард хэрэгсэхгүй болгосон ч Кремлева 2019 оны нэгдүгээр сард давж заалдсан байна.

Тео Эрнандесийн аз таарахад Olivia Valere цэнгээний газрын авто зогсоолыг бүрэн камержуулсан тул тэнд хүч хэрэглэсэн, зодсон зүйл огт байхгүйг тогтоосон гэнэ. Тео Луиза хоёр секс хийсэн нь үнэн ч түүнийхээ дараагаар диско бааранд хамтдаа хөтлөлцөн буцаж ирсэнийг камерын бичлэгээр нотолж буй ажээ.

“Надад хар тамхи хүчээр хэрэглүүлж, хүчиндсэн бас зодсон” хэмээн Кремлева мэдэгдсэн ч түүний цуснаас хар тамхины төрлийн зүйл огт илрээгүй байна. Харин гинекологийн үзлэгээр секс хийснийг бол нотолжээ.

Тео Эрнандесийн хувьд секс хийснээ нуугаагүй бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн гэж мэдэгдсэн юм.

Хөлбөмбөгч 2019 онд Италийн “Милан”-ы тоглогч болсон. Харин Луиза Кремлевад хүн гүтгэсэн, хуурамч мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр хэрэг үүсгээд байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE