Сарри: Роналдог зургаа дахиа “Алтан бөмбөг” гардахад нь тусалмаар байна

Италийн цомын шөвгийн наймд “Удинезе”-г 4:0-ээр бут ниргэснийхээ дараагаар “Ювентус”-ын ахлах дасгалжуулагч Маурицио Сарри багийнхаа португал тоглогч Криштиано Роналдог тоглолтод оролцоогүйн учрыг тайлж хэлжээ.

“Роналдо хамрын дайвар хөндийн өвчлөлийн улмаас хоёр хоног бэлтгэл сайн хийж чадаагүй. Хэдийгээр өнөөдөр бие нь дээрдсэн ч гэсэн үдээс хойш өндөр халуурсан. Тиймээс эмч нар Турины ийм хүйтэн орой талбайд гаргаж эрсдэлд оруулах хэрэггүй гэсэн юм. Тэгээд Роналдод хэвтрийн дэглэм сахихыг зөвлөсөн.

Миний хувьд бол Роналдод туслахыг хүсч байна. Зургаа дахь “Алтан бөмбөг”-өө гардахад нь туслахыг хүсч байна. Хэн нэгэн түүнээс щхувийн шагнал нэгээр илүү байх нь надад ч онцгүй санагдаж байгаа.

Манай багаас ирээдүйд Пауло Дибала “Алтан бөмбөг” гардахаар чадвартай тоглогч. Ойрын жилүүдэд тэр дэлхийн хөлбөмбөгт өөрийн мөрөө үлдээнэ гэж найдья” хэмээн Сарри өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE