Месси: Та хаана ч аугаа чигээрээ байх болно

Нэгдүгээр сарын 13-нд Испанийн “Барселона”-гийн Удирдах зөвлөл оройхон хуралдаж, Эрнесто Вальвердег ахлах дасгалжуулагчийн албанаас халсан. Хоёр жил хагасын хугацаанд ажилласны төгсгөлд Испанийн Супер цомд “Атлетико Мадрид”-д 2:3-аар хожигдсон нь удирдлагыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм.

Эрнесто Вальверде сайн мэргэжилтэн ч гэсэн түүний арга барил, тоглолтын философи “Барселона”-гийнхтай төдийлөн зохицохгүй байгаа талаар яриа чамгүй гарсан. Тэгвэл одоо тэд цэвэр “Барселона”-гийн тоглолтод шимтэгч мэргэжилтэн Кике Сетьентэй хоёр жил хагасын гэрээ байгууллаа.

Эрнесто Вальвердег халсны дараагаар олон хөлбөмбөгч түүнд амжилт хүссэний нэг нь Лионель Месси байв. Каталоны багийн ахлагч аргентин довтлогч юу өгүүлснийг хүргэе.

“Хүндэт эрхэм таны хийсэн бүхний төлөө талархая. Та хаана ч аугаа чигээрээ байх болно. Учир нь та бол мэргэжлийн маш сайн дасгалжуулагчаас гадна гайхамшигтай сайн хүн. Чанга тэвэрч, амжилт хүсье” хэмээн Месси өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE