БСШУС-ын сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Монгол тэмүүлэл, 133 дугаар дунд сургуулийн сурагчид нэг байранд хичээллэж ирсэн. Тэгвэл Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн байрыг засварлаж дуусаад “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэж оруулахад бэлэн болоод байна. Кембрижийн хөтөлбөр бүхий тус сургууль олон улсын стандарт хангасан орчин нөхцөлд хичээллэх шаардлагатай. Энэ шаардлагын дагуу засварын ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн байранд түр хугацаагаар хичээллэх болно гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. Учир нь Монгол тэмүүлэл сургуулийг 640 хүүхдийн суудалтай шинэ байртай болгохоор энэ оны төсөвт санхүүжилт нь суусан. Хавраас барилгын ажил эхлэх юм. Ингэснээр ахлах ангийн сурагчид суралцдаг тус сургууль Кембрижийн хөтөлбөртэй бусад хоёр сургуулийн адил 6 дугаар ангиас нь сурагчид элсүүлэх боломжтой болж, үйл ажиллагаа нь өргөжих юм.

УДЭТ-ыг нураана гэх мэдээлэл гарсантай холбоотой сайд мөн мэдэгдэл хийлээ. Тэрээр, “УДБЭТ, Үндэсний төв номын сан, УДЭТ-ын барилгыг нураахгүй, шинэчлэн барих асуудлыг зогсоолоо гэдгээ өнгөрсөн оны 10 сарын 8 нд мэдэгдсэн. Тэр байр суурь хэвээрээ байгаа. Энэ онд дээрх гурван байгууллагад тус бүрд нь хоёр тэрбум төгрөг төсөвлөж уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэн засварлах юм. Маш олон жил соёл урлагийн байгууллага орхигдож байсан ч 2019, 2020 онд төсөв сайн тавьж өгсөн. Үүнийг салбартаа шингээмээр байна” гэлээ.

Өөр нэг асуудал нь сургалтын төвүүдэд хийсэн хяналт шалгалттай холбоотой мэдээлэл байлаа. Их сургууль, дээд сургууль, институт гэсэн үг орсон нэршлээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн Төрийн бус байгууллагууд диплом, мэргэшлийн зэрэг олгоно хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн залилангийн шинжтэй асуудал байгааг хөндлөө. Энэ асуудлаар Улсын бүртгэлийн газар, хууль хяналтын байгууллагад хандана гэлээ.

SHARE