Олимпийн медальтай ганц иран бүсгүй эх орноосоо дүрвэжээ

 

Ираны их спортын түүхэнд олимпийн наадмаас медаль хүртсэн ганцхан эмэгтэй байдаг нь таэквондогийн тамирчин 21 настай Кимиа Ализаде юм. Тэрбээр улс төрийн шалтгааны улмаас эх орноосоо дүрвэн гарсанаа олон нийтийн сүлжээгээр зарлажээ.

“Иранд туйлдаж зүдэрсэн сая сая эмэгтэйчүүдийн нэг нь би. Тэдний хэл гэснийг хэлж, ярь гэснийг ярьж, үүр гэснийг үүрсээр өдийг хүрлээ. Тэд намайг хэрэгтэй үедээ хэрэглэж, ашигласаар ирсэн. Тэндээс явах шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байлаа. Олимпийн медаль хүртэхээс ч хэцүү байсан. Гэвч би аюулгүй орчинд аз жаргалтай амьдарч, спортоор үргэлжлүүлэн хичээллэж, амжилт гаргахыг хүснэ” хэмээн Кимиа Ализаде өгүүлжээ.

Тамирчин бүсгүй мөн Иранд спортоор ялангуяа таэквондогоор хичээллэхэд олон хүн шүүмжилж, гоочилж, хорьж байсныг дурьджээ. “Сунгалтын дасгал хийж, хөлөө өндөрт гаргах нь иран бүсгүйд байх ёсгүй үйлдэл гэж хэлдэг хүмүүс олон. Гэвч би эх нутаг Ираныхаа охин чигээрээ үлдэх болно” хэмээн Ализаде мэдэгджээ.

Ализадег аль оронд дүрвэж гарсныг албан ёсоор зарлаагүй ч хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Нидерландад шилжин суурьшсан бололтой.

Кимиа Ализаде 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын таэквондогийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE