Уитни Хьюстоны хүргэн Ник Гордон хар тамхины тун хэтрүүлж, амиа алджээ

Шинэ жилийн шөнө нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун агсны нөхөр Ник Гордон 30 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Хар тамхины тун хэтрүүлсэн, зүрхний шигдээс гэсэн оноштойгоор Ник Гордоныг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ.

Гордоны дүү Жек Уолкер “Сайхан ахыгаа алдаж, сэтгэл зүрх минь хоосорлоо. Гэр бүл, найз нөхдийнхөө зүрх сэтгэлд та минь мөнхөрлөө. Никийн амьдралын зам амар байгаагүй. Ахтайгаа хамтдаа гар гараасаа хөтлөлцөж, эцсийн мөчийг нь хүртэл тэр гараас атгасан чигээрээ байснаараа би бахархана” хэмээн бичжээ.

Харин Ник Гордоны өмгөөлөгч Жо С.Хабахи “Түүнийг 30-хан насандаа үгүй болсныг дуулах хэцүү байна. Би болсон явдлын талаар тодорхой ярих боломжгүй. Гэвч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Энэ хар тамхины наймаачид асар их нөөц бололцоотой сайн сайхан залуусын амьдралыг харлуулж, эцэст нь ийм байдалд хүргэж буйд зэвүүцэж байна. Хэдийгээр Никийн амьдралд хэцүү үйл явдлууд олон тохиолдсон ч тэр олон цагаар хичээн ажиллаж, эрүүл байх гэж, гэр бүлтэй, аз жаргалтай болохын тулд хичээж байсныг би гэрчилнэ” хэмээжээ.

Ник Гордоныг шинэ жилийн шөнө эмнэлэгт яаралтай хүргэжээ. Зүрхний шигдээсийн шинж чанар хэд дараалан илэрч, бие нь маш муудсан тул сэргэлт эмчилгээ авч чадаагүй аж.

Уитни Хьюстоны 22 настай охин Бобби Кристина Браун 2015 онд ванныхаа өрөөнд ухаан алдсаныг олсон нь Ник Гордоныг буруутгах, шүүмжлэх үндсийг тавьж өгсөн. Бобби Кристина Браун эмнэлэгт бүтэн зургаан сарыг ухаангүй өнгөрүүлсний дараагаар амьсгал хураасан. Түүний бие хөх няц болсныг Ник Гордонд зодуулснаас үлдсэн ул мөр гэж гэр бүлийнхэн нь үзэж байлаа. Мөн хар тамхинд донтоход нөлөөлсөн, уруу татсан гэж үзсэн юм.

Гэвч Бобби Кристина Браунд гар хүрсэн гэдгийг нотлох баримтаар батлаагүй юм. Мөн эхнэрээ нас барсны дараагаар Ник Гордон амиа хорлохыг завдсан байдаг. Хэсэг хугацааны дараагаар Ник Гордон өөр бүсгүйтэй найзлах болсон ч ийнхүү амиа алджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE