2020 оны улс төр

Б.ДАМДИН-ОЧИР

2020 он гарлаа. УИХ-ын сонгуулийн жил албан ёсоор эхлэв. Он солигдох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ард түмэндээ хандаж хэлдэг үг ч цаагуураа сонгуультай холбогдов.

Ерөнхийлөгчийн “…Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэснийг ирэх сонгуулиар ирэх сонгуулиар намаа биш МАН-ыг дэмжиж ажиллахаар болжээ гэж улс төрийн хүрээнийхэн, олон нийт ойлгож хүлээж авлаа.

Үнэхээр ч ҮАБЗ-ийн гишүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав өнгөрсөн 2019 онд нэг байж чадсан. Тэд хуралдаад ҮАБЗ-ын зөвлөмж гаргаж, улмаар УИХ түүнийг нь хууль болгодог болчихсон. Ийм байдлаар М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлсөн. Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч, бусад шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарын ажлыг авсан.

Төмөр замын асууд­лаар бас л зөвлөмж гар­гаж, “Голомт”-оор гүйцэт­гүүлэхээр болсон. “Голомт”-ынхонд Таван­толгойн таван сая тонн нүүрсээр санхүүгээ босгох эрхийг олгосон байдаг.

Ерөнхийлөгч Х.Бат­тулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдэг гурван хүн сууж байгаад шийд­вэр /зөвлөмж/ гарга­даг. Тэр нь үг дуугүй биелдэг болсон.

Үеийн үед эсрэг тэс­рэг байж ирсэн энэ гур­ван субъект нэг байгаа нь өнгөн талаасаа сайн хэрэг. Сүүлдээ УИХ-ын гишүү­дийн хэрэгцээ шаардлага байгаа үгүйг ч ярих хэм­жээнд очиж байна.

Ер нь бол ҮАБЗ-ийн зөвлөмж ч гэдэг юм уу, шийдвэр ч гэдэг юм уу, ийм зүйлээр улс орны том жижиг асуудлууд шийдэгдээд явах нь хэр зэрэг оновчтой вэ гэдгийг ярих цаг болсон. Хуулиараа ҮАБЗ-ийн хурал хуй ил тод байх ёсгүй. Нууц гэсэн үг. Энэ нууцын ард юу нууцлагдаж үлдээд байгаа нь анхаарал татах ёстой.

Жинхэнээсээ Үндэс­ний аюулгүй байдалтай холбоотой, улс орон, ард түмэнд хэрэгтэй байж болох асуудлыг хэрхэн хэлэлцсэн нь ил гарч ирдэггүй. Өнгөрсөн оны аравдугаар сард ҮАБЗ хуу­рамч шатахууны асуудлыг хэлэлцсэн. Энэ маш ноцтой юм. Яахаар шийдсэнийг бүү мэд.

Угтаа ҮАБЗ гэж чухам яадаг байгууллага вэ, ямар чиг үүрэгтэй, юуг хариуцан хамгаалдаг вэ. Өөрөөр хэлбэл, тэнд ямар асуудлыг ярьдаг, юуг ярих ёсгүй вэ гэдгийг ч олон хүн ойлгохоо болсон байна лээ.

Ном журмаараа бол энэ гурван эрхмийн хоёр нь хоорондоо уулзсан ч протокол үйлдэх ёстой. Уулзлаа, ийм асуудлаар ярилаа гэдгээ албан ёсоор мэдээлэгдэнэ гэсэн үг. Тэгдэггүй. Гурвуулаа нэг ордонд өөр өөр давхарт сууичхсан,  гарч орохдоо бие биеийнхээ өрөөгөөр хэсч, кофе уунгаа уулзаад л байдаг мэдээлэл бий. “Зууны мэдээ” сонин энэ талаар их л “ярьж” байгаа даа. Гэтэл сураг чимээгүй байж байгаад гэнэт “…ҮАБЗ ингэж шийд­лээ” гэдэг болов. Тэгэхээр Аюулгүйн зөвлөл маань ямар ямар аюултай шийдвэр гаргаад, тэр нь нууцлагдаад үлдэж байгааг мэдэх аргагүй юм.

Энэ гурав ингэтлээ цул болсноо он солигдох мөчид ч харууллаа. Уг нь улирч байгаа оны сүүлчийн мөчүүд улсын Ерөн­хийлөг­чийнх байдаг. Ингэж явж ирсэн уламжлалтай. Олон улсад ч ийм байдаг. Харин 2019 оны төгсгөлд Ерөнхийлөгч энэ “алтан цаг”-аа нөгөө хоёртойгоо хуваалцлаа. Ерөнхийлөгч мэндчилгээгээ яаран санд­ран дуусгаж, араас нь УИХ-ын даргын АТГ, Салхитын ордоор “чимсэн” мэндчилгээ орж ирсэн. Залгуулаад Ерөнхий сайд мэндчилгээ хүргэв.

Мэдээж хэрэг, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэндчилгээ хүргэж ирсэн. Гэхдээ Ерөнхийлөгчтэй зэрэгцдэггүй байв.

Путины хажуугаар Медведев, Ши Жиньпин­тэй чихэлдээд Ли Көцян мэндчилгээ дэвшүүлж гарч ирэхгүй л байгаа биз дээ. Тэгээд ч ард түмэн нь Путин, Ши Жиньпин нарынхаа юу хэлснийг анхааран сонсон, анализ дүгнэлтээ хийдэг.

Харин манайд гурван дарга цуварч гарч ирээд бараг л нэг зүйл ярьж мэндчиллээ. Цагаан сарын зол­голт шиг хамтдаа шам­паан дарсаа барьж сууж байгаад мэндчилсэн бол бараг шулуухан байлаа.

Нөгөөтэйгүүр энэ гур­ван даргын мэндчилгээний үгнээс Ерөнхийлөгчийн “… Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан”-ыг дуулгасан нь олны дунд шуугиан тариад байна. Нэг хэсэг нь дэмжиж, бас нэг хэсэг нь баалж л байна.

МАХН-ын “Өргүй Мон­гол” хөтөлбөр 2019 оны арванхоёрдугаар са­рын 1-нээс явж байгаа. Түүн­дээ “…Баялгийг ху­ваа­­рилах замаар тэтгэврийн зээлийг тэглэх ёстой” гэсэн. Энэ цогц бодлогоо Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьчихаад байсан юм.

Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн гурвал ирэх сонгуулийн өмнө задрахааргүй хараг­даад явчихаж байна.

УИХ-ын сонгуулийн хуулийг өнгөрсөн оны сүүлчээр баталсан. МАН-д ашигтай. Тэр дундаа МАН-ын ахмад гэгддэг гишүүдэд илүү ашгаа өгнө гэж үзэж буй. АН-д ч хэрэгтэй байх боломжтой.

Гэхдээ энэ хуульд оруулсан Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдсан заалт Үндсэн хуулийн Цэцэд очиж таарна. Тэр ойлгомжтой. Нэг хүнд хаалт хийсэн энэ заалтыг Цэц шударга шүүвэл хуулиас хасна. Харамсалтай нь Үндсэн хуулийн хамгаалагч бус хамтраад нухдаг болсон Цэц эрх баригчдын үгээр “…Үндсэн хуульд халдаагүй байна” гээд өнгөрөх магадлал өндөр юм.

Нэг иймэрхүү бай­дал­тай 2020 оны зурга­дугаар сард УИХ-ын сон­гууль болно. МАН энэ хуу­лийг тултал ашиг­лана гэж стратеги боловс­руул­чихсан суугаа. Бодож бол­дож баталсан хуульдаа л найдаж байгаа юм. Гэвч гадна талдаа буюу ард түмний дунд тааруухан нэр хүндтэй байгаа тул “…Дүлийдээ найдаж унгах” гэдэг шиг юм болчихыг ч үгүйсгэхгүй.

Нэмээд, МАН-д асуу­дал бий. 2016 оны сон­гуульд ялсных нь маргааш л үүссэн. Тэр нь өнөөдрийг хүртэл улам газар авч, гүн гүнзгий идээ бээр бол­чихсон.

37:27 л гэдэг юм. М.Энх­­болдынх ба У.Хүрэл­сүхийн гэдэг л юм. Угтаа 60 тэрбум, ЖДҮ гэсэн хоёр бүлэглэл байхгүй юу. Удахгүй нэр дэвшигчдээ зарлана. М.Энх­болдын талынхныг нэр дэвшүүлэхгүй байх ажиллагаа нэвт явж байна. Дорнодоос Н.Номтойбаяр, Архангайгаас Ж.Мөнхбат, Дарханаас Д.Хаянхярваа, Өмнөговиос Н.Амарзаяа, Говьсүмбэрээс Г.Мөнх­цэцэг, Сэлэнгээс Н.Оюун­дарь, Баянголоос А.Ундраа гээд нэлээд хэ­дэн гишүүнийг “татах” мэдээ­лэл бий. Дахиад энэ хэм­жээ­ний гишүүдийн нэр дуулдаж байгаа юм. Эдгээр гишүүд намын­хаа удирдлагуудын шийд­вэрийг эрт сонсвол зүгээр суухгүй нь лавтай.

АН-ын хувьд бас л га­даад талдаа рейтинг сайн­гүй байна. Дотооддоо ч асуудалтай. Гадаад талдаа ч С.Эрдэнийг эсэргүүцдэг үе тэнгийнх нь олон улстөрч бий. Тэдгээрийг дагасан бүлэг хүмүүс байдаг. Хам­гийн томоор харахад 2000 онд нийлж АН-ыг байгуулсан таван намын суурь фракц, түүнээс хойш шинээр нэмэгдсэн бүлэглэлүүд С.Эрдэнэд дор бүрнээ хүсэл сонирх­лоо тулгачихаад байгаа юм. Тэгэхээр АН ирэх сонгуульд яаж орох нь С.Эрдэнэ даргын хэрхэн шийдсэнээс шууд шалт­гаална гэсэн үг.

МАХН олон нийтийн дунд үнэлгээ, хүлээлт сайтай яваа. Эрх баригчид, өрсөлдөгч намуудынх нь хийлгэсэн судалгаануудаар ч ингэж гарч ирэх болсон. Сонгуулийн хуулиар МАХН-ын даргад тавьсан хаалт хэрхэхийг олон нийт анхааралтай харж байгаа. Нэг үгээр хэлэхэд, МАХН ирэх сонгуульд МАН-ын ч, АН-ын ч хамгийн том өрсөдөгч нь болчихоод байгаа юм.

Эдний хажуугаар жи­жиг намууд, “иргэд”-ийн эвсэл зэргээс сон­гуульд нэр дэвшүүлнэ. “Элек­торат” байж бай­гаад “Уухай”-гийн ард Оюу­тол­гой бай­гаа гэлцэж буй. Харин хариуцсан ТББ нь Баа­барынх гэх мэдээлэл байдаг.

Иймэрхүү армаг тармаг нэгдэлтэй, эсвэл хуулиар боолгож хаалгасан, их мөнгөний санхүүжилттэй нам, эвсэл, хөдөлгөөнүүд оролцсон сонгууль болно.

Л.Сумати­гийн “Сант­марал”-ын судал­гаа­ны дүнгээр илэрсэнчлэн 2020 оны сонгуульд намуудын рейтинг 2016 оных шиг нөлөө үзүүлэхгүй. Харин хувь хүн талаасаа санал авах байдал давамгайлж, сонгуулийн дүнгээр эвс­лийн засгийн газар бай­гуулагдах магадлал илүү өндөр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE