Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушаррафт цаазаар авах ял оноожээ

Пакистаны Тусгай шүүх тус улсын Ерөнхийлөгч ба Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч асан Первез Мушаррафт цаазаар авах ял оноосон тухай “АР” агентлаг мэдээллээ.

Түүнийг эх орноосоо урвасан хэмээн ялын дээд хэмжээг оноожээ. 2001-2008 онуудад Пакистаны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан
Первез Мушаррафыг 2007 онд Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоон онц байдал зарласанд буруутгасан аж. Үүнээс гадна Үндэсний эвлэрлийн тухай тогтоол гарган 1988-1999 онуудад Пакистаны төрийн эрх барьж байсан бүх улстөрчийн авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзсэн байна.

Первез Мушарраф сөрөг хүчний ширүүн эсэргүүцлийн улмаас 2008 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход хүрчээ. Тэрээр 2016 онд Арабын нэгдсэн эмирт улсад эмчлүүлэхээр яваад өнөөг хүртэл тэнд амьдарч байгаа аж.

Б.Төгсөө

SHARE