Анжелина Жоли дүлий супер баатрын санааг хүүхдүүдийнхээ багшаас хулгайлсан уу?

Холливүдийн нэрт жүжигчин, НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан элч Анжелина Жолиг хүүхдүүдэд нь дохионы хэл зааж байсан Антоннета Аббамонте зохиогчийн эрх зөрчиж, санааг нь хулгайлсан хэмээн хуульчид хандаж, шүүхдэхээр болжээ.

Антонетта Аббамонте хэдэн жилийн өмнө Анжелина Жолигийн хүүхдүүдэд дохионы хэл зааж байснаас гадна жүжигчин, продюсер юм байна. Тэрбээр нэгэн удаа Анжелина Жолид нэгэн зохиолын санаагаа ярьж өгсөн ажээ. Зохиолын гол баатар дүлий супер баатар байх тухай яриаг нь Анжелина Жоли маш анхааралтай сонсож, цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг лавлаж асууж байсан гэнэ. Гэтэл саяхнаас Жоли Marvel-тай кино төсөл дээр ажиллахдаа гол дүрийг дүлий супер баатар байхаар тогтсон нь санамсаргүй тохиолдол биш гэж Антонетта Аббамонте үзэж буй юм байна.

“Тэр миний санааг хулгайлж, дэлхийн дахинд сайн сайхныг түгээгчийн дүр эсгэж явна. Гэвч Жоли зурагтаар харагддаг шигээ тийм элгэмсүү, сайхан хүн биш. Надтай л гэхэд хоёрдугаар сортын хүн шиг харилцдаг байлаа. Дүлий хүмүүстэй тэгж харилцаж болохгүй шүү дээ. Хөгжим сонсож буй эсэхийг минь, мөн хөгжим дагаж бүжиглэж чадах эсэх талаар надаас хичнээн олон удаа асууж байсан гэж санана. Намайг олон удаа тэгж гутаан доромжилсон. Тэр надаас олон зүйл асуусны гол шалтгаан нь санаа л олох гэж, ашиглаж байсан хэрэг. Одоо бүр дүлий баатрын тухай кино хийгээд эхэллээ. Энэ бол миний санаа. Би түүнээс шууд асуусан. “Чи миний санааг хулгайлаа юу?” гэж. Тэгэхэд надад “Дэлхий дахин чинь их хачин оньсого шүү дээ” гэж хариулсан. Дахиад асуухад минь хариулаагүй” хэмээн Антонетта Аббамонте мэдэгджээ.

Marvel-ийн шинэ цувралын дүлий супер баатрын дүрийг өнгөт арьст жүжигчин бүсгүй Лорен Ридлофф бүтээхээр болжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE