Эль-Класикогийн өмнө хоёр багийг нэг зочид буудалд байрлуулжээ

Өнөө шөнө буюу арванхоёрдугаар сарын 19-ны 03:00 цагаас Испанийн Ла лигт Эль-Класикотой. Жил бүр өрсөлдөөнтэй, ширүүн уур амьсгалд болдог тус тоглолт энэ удаад бүр ч их аюултай дагуулж болзошгүй тул харуул хамгаалалтын тал дээр гоц анхаарч байгаа гэнэ.

Каталоны тусгаар тогтнолын төлөө тэмцсэн хэд хэдэн улстөрчийг баривчлан олон сараар хорьсны дараагаар олон жилийн хорих ял оноосон нь Эль-Класикогийн үеэр ямар нэгэн халдлага гарах юмуу эсвэл эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл боломжийг бүрдүүлж магадгүй гэж болгоомжилж буй юм.

Тиймээс тоглолтын өмнө “Барселона” болон “Реал Мадрид”-ынхныг нэг зочид буудалд байрлуулж, маш өндөржүүлсэн хамгаалалт дор хоёр автобусаар “Камп Ноу”-д хүргэх ажээ. Автобус тус бүрийг харуул хамгаалалтын 12 фургон хамгаалж явахаар төлөвлөсөн байна.

Эль-Класиког өнгөрсөн аравдугаар сарын 26-нд товлосон ч Каталон дахь эсэргүүцлийн жагсаалын улмаас хойшлуулсан юм.

Хоёр баг хоёулаа 35 оноотойгоор Ла лигийг магнайд зуузай холбон яваа билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE