Өөр улсын Ерөнхий сайдыг “Худалдагч” гэж хэлээд өөрөө огцроход хүрчээ

Хаяа хатган орших Эстони, Финляндын харилцаа ойр дотно байсаар ирсэн ч Эстонийн Дотоод хэргийн сайд Март Хельмегийн хэлсэн үгнээс болж хоёр улсын хооронд зөрчил үүсээд байна.

Финляндын парламент энэ сарын 10-нд Ерөнхий сайдаар Санна Мариныг томилсон юм. 34 настай Санна Марин ийнхүү Финляндын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд төдийгүй одоогоор дэлхийн хамгийн залуу Засгийн газрын тэргүүн болоод байгаа билээ.

Тэгвэл Эстонийн Дотоод хэргийн сайд, 70 настай эр Март Хельме “Дэлгүүрийн худалдагч эмэгтэй Ерөнхий сайд болтлоо дэвшлээ. Мөн зарим гудамжны тэмцэгчид болон боловсролгүй хүмүүс парламентийнх нь гишүүд болцгоолоо” хэмээн Финляндын шинэ засаг, парламентийн талаар үг унагасан юм.

Үүний дараагаар Санна Марин “Би Финлянд улсаараа бахархаж байна. Энд ядуу айлын хүүхэд боловсрол эзэмшиж, амьдралдаа амжилт олох бүрэн боломжтой. Дэлгүүрийн нэг кассчин ч Ерөнхий сайд болох боломжтой. Ажилчин ангигүйгээр Финлянд улс оршин тогтнож чадахгүй. Ажилчид, мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчид гээд бүгдийнх нь ажлыг би зохих ёсоор нь үнэлдэг” хэмээн өгүүлжээ.

Хааяа залгадаг ч гэсэн харь улсын шинэ Ерөнхий сайдын талаар таагүй үгс “чулуудсан” Дотоод хэргийн сайдыг огцруулахыг Эстонийн Ерөнхийлөгч Керсти Кальюлайд шаарджээ.

“Би Дотоод хэргийн сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдаас шаардсан. Засгийн газрын сайд хүн хувийн үзэл бодлоо хэрхэвч тэгж илэрхийлж болохгүй. Энэ бол манай төр засгийн үзэл бодол шиг дэлхий дахинд сонстох болно” гэж Эстонийн Ерөнхийлөгч мэдэгджээ.

Хэрэг явдал бишдэж, албан тушаалаас нь огцруулах тухай яриа гармагц Март Хельме хэвлэлээр дамжуулан уучлалт гуйлаа.  “Миний хэлсэн үгийг буруу ойлгож, ихээхэн шуугиан дэгдсэн тул би Финляндын Ерөнхий сайдаас уучлалт гуйж байна. Хэвлэлийнхний дамжуулсан тэр үгс бол үнэн хэрэгтээ доромжилсон бус харин магтан сайшаасан өнгө аястай байсан юм. Нийгмийн доод давхаргаас дээш өгсөж, улс төрд хүртэл орж чадаж буйг цохон тэмдэглэсэн минь тэр” хэмээн Март Хельме мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE