Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгэлээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд сайд хуралд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Монголчуудын бахархал болсон “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд дэмжсэн Хорооны гишүүн орнууд, Нарийн бичгийн дарга нарын газар, Үнэлгээний байгууллага, холбогдох хүмүүст Монголын ард түмний болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн ѳмнѳѳс талархал илэрхийлж цаашид Соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарч, бүрэн бүтэн байдал, оршин тогтнохыг хангахад шаардлагатай хүчин чармайлт гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү дэмжигдэв. Цаашид энэхүү өвийг хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал билээ.

SHARE