“Бидэнд арми байхгүй” гэж Гүржийн Ерөнхийлөгч мэдэгдэв

Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили шинжлэх ухааны салбарын төлөөлөгчтэйгээ уулзахдаа улс оронд нь зэвсэгт хүчин, арми байхгүй гэдгийг мэдэгджээ.

“Бидэнд арми байхгүй. Мөн зэвсэглэл ч байхгүй. Цаашид ч байхгүй. Бидэнд зэвсэглэлээр хөөцөлдөх эдийн засгийн боломж үгүй” гэж Гүржийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өгүүлжээ. Гэхдээ улс оронд нь “өөр зэвсэг” бий гэж дурьдсан байна.

“Гүрж улс бол Кавказын урлаг, шинжлэх ухааны гал голомт. Тэгсэн атлаа манай ард түмэн яагаад дандаа болохгүй, бүтэхгүй, байхгүйн тухай ярьж, боддог болсныг ойлгохгүй байна. Манай улсад асар их нөөц бололцоо бий” гэж Саломе Зурабишвили мэдэгджээ.

Гүржийн Ерөнхийлөгчийн энэ үгс сөрөг хүчнийх нь эгдүүг хүргэж, түүнийг огцрох ёстой мэдэгдэж эхэлжээ. “Армийн тухай ярихдаа жаахан ч гэсэн бодож байх хэрэгтэй” гэж Тбилисийн мэр, цагтаа алдартай хөлбөмбөгч явсан Каха Каладзе тэмдэглэсэн байна.

Харин Гүржийн Ерөнхий сайд Георгий Гахария зэвсэгт хүчнээ нэгдмэл, хүчтэй хэвээр байгаа тухай дурьдаад  “Бид армийнхаа талаар таагүй үгс дуугарахынхаа өмнө эхлээд баатарлаг цэрэг, офицеруудаасаа уучлалт гуйх ёстой” гэж мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE