ММС энэ сарын 29-нд 600 сая долларын зээлээ төлөх ёстой, барах уу?

 

 

Б.Галцог

Тавантолгойн 51 хувийг MCS группийн “Энержи ресурс” буюу ММС /Mongolian Mining Cor­poration/ компани эзэмшихээр яригдаж байгаа.

Тэгвэл 51 хувийг эзэмших ММС-ийн тухай нэгэн мэдээллийг зарим хэвлэл энэ оны эхээр дэлгэсэн юм. Тухайн үед хэвлэлүүд “…Хонгконгод бүртгэлтэй ММС буюу Mongolian Mining Corporation аль хэдийнэ зогсонги байдалд ороод байна. ММС-ийн 600 сая ам.долларын эзэд компанийг дахин зохион байгуулалтад оруулах асуудлыг дэмжиж байна. 93 сая ам.долларын өрийн эзэд тус компанийг зарахад нөлөө үзүүлж чадахааргүй болов. Дахин зохион байгуулалтад оруулах төлөвлөгөө нь нэмэлт хөрөнгө оруулалтыг 40 хувиар багасгахад хүргэж байна.

Анх ММС компани 2012 оны гуравдугаар сарын 29-нд бонд гаргажээ. Түүнийгээ таван жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 29-нд төлөх ёстой юм байна. Энэ нь 600 сая ам.доллар болж байгаа ажээ. Мөн ММС бондын төлбөртөө 8.875 хувийн хүү төлдөг байна.

Гэсэн ч яг одоогийн байдлаар ММС-ийн зээлжих зэрэглэлийг D буюу хамгийн муу гэсэн үнэлгээнд хамааруулаад байна. Учир нь дээр дурдсанаар ММС өнгөрсөн онд төлбөрөө төлж чадаагүй байна. ММС-ийнхэн өнгөрсөн оны дундуур хөрөнгө оруулагчидтайгаа хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулжээ.

Энэ үеэрээ “… Зээлийн төлбөрөө хойшлуулъя. 600 сая ам.долларыг гурав хувааж төлье” гэсэн байна. Мөн 2016 оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өссөн тул зургаан жилийн хугацаатай 420 сая ам.долларын бондыг шинээр гаргая. Үүгээрээ 600 сая ам.долларын эхний хэсгийг төлье гэсэн хүсэлт тавьжээ.

Гэвч энэ хүсэлтүүдийн аль нь ч бүтэж, биелээгүй бололтой юм. ММС-ийн асуудал Кайманын арлын шүүх лээр явх байж ч магадгүй ажээ. Ер нь гадаад, дотоодын шинжээчдийн хэлж буйгаар ММС өрөө төлж чадахгүй нь тодорхой. Дахин зээл авах нь ч бүтэхгүй. Ингэхээр дампуурахаас өөр гарц байхгүй гэж байгаа юм” гэж байсан юм.

Дээр дурдсанаар бол ММС ээн сарын 29-нд 600 сая ам.долларын зээлээ төлөх ёстой юм байна. Гэвч төлж дийлэхгүй байх магадлал маш өндөр гэнэ. Түүнчлэн он дамнаад овюоо эрчтэй явж байсан Тавантолгойн ордыг ашиглуулах гэрээний хэлэлцээ нам зогсоод байгаа. Эх сурвалжийн мэдээллээр Хятадын “Шиньхуа” компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл гэрээ хэлэлцээгээ түр зогсоохыг хүссэн гэж байгаа. Ингэхээр наадам хүртэл Тавантолгойн гэрээ яригдахгүй болж байгаа юм. Наана нь ММС 600 сая ам.доллараа төлөхгүй бол гэрээний оролцогчид ч өөрчлөгдөж магадгүй ажээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE