Өвлийн улиралд арьсаа арчлах тухай

Эрс тэс уур амьсгалтай орчинд амьдарч буй Монгол эмэгтэйчүүдэд арьсаа эрүүл, толигор байхад бэрхшээл тулгардаг. Арьс нь хаврын улиралд хуурайшиж, зун нь харлаж, өвөл нь өнгө зүсээ алдан улайж, уян хатан чанар нь алдагддаг байна. Тэгвэл өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Бүлээн усаар угаа

Өглөө нүүрээ угаахдаа, орой цэвэрлэхдээ хүйтэн биш бүлээн усыг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь арьсны чийгшил алдагдахаас сэргийлдгээс бөгөөд өвлийн улиралд гоожуурын усаар нүүрээ угаах нь тослог арьсыг үрэвсүүлж, хуурай арьсыг улам хуурайшуулдаг байна. Мөн хатуу хэлбэрийн савангаар угаахаас аль болох татгалзах хэрэгтэй ба угаасныхаа дараа зайлшгүй чийгшүүлэх шаардлагатай.

Чийгшүүлэгчээ зөв сонго

Аль болох байгалийн гаралтай, арьсанд тэжээл өгөх найрлагатай чийгшүүлэгчийг сонгоорой. Жишээ нь, лаванда цэцгийн найрлагатай чийгшүүлэгч нь арьсны хуурайшилтыг багасгаж зөөлрүүлэн, загатнааг арилгахад тустай гэнэ. Үүнээс гадна өвлийн улиралд тосон суурьтай чийгшүүлэгч илүү үр дүнтэй юм байна.

Арьсаа хамгаал

Арьсаа хүйтэн температурт хайрагдахаас хамгаалж бээлий, хүзүүний ороолт зүүхээ мартаж болохгүй. Мөн нүдний шилийг тогтмол зүүж хэвшсэнээр нарны хэт ягаан туяанаас таны арьс болон нүдээ хамгаалах юм.

Агаар чийгшүүлэгч хэрэглэ

Ажлын өрөө болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэснээр арьсаа хуурайшихаас сэргийлнэ. Учир нь гэр болон ажлын өрөөний агаар их хуурай, тоосжилттой байдгаас үүдэн арьс чийгээ алдан гундах эрсдэлтэй.

Ус уу

Дийлэнх хүмүүсийн уух шингэний хэмжээ өвлийн улиралд огцом багасдаг гэнэ. Учир нь цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнхдээ халуун цай, кофе, чацаргана, аарц уудаг байна. Гэвч арьсыг чийгшүүлж, өнгөлөг толигор харагдахад ус маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв дан ус ууж хэвшээгүй бол нимбэгтэй холиод үз.

Шөнийн арчилгаа

Энэ нь таныг шөнө бүр босож нүүрээ угаагаад чийгшүүл гэсэн үг биш. Харин унтахынхаа өмнө чийгшүүлэгч түрхээрэй. Мөн гар, хөл, тохой, өвдөгний нимгэн арьс хурдан чийг алддаг тул чийгшүүлэгч бальзам, гавар түрхэх шаардлагатай.

Арьсаа гуужуул

Арьсыг сайн гуужуулаагүй тохиолдолд хангалттай чийг авч чаддаггүй байна. Учир нь үхэжсэн эс нь арьсанд чийг бүрэн шингэхэд хаалт болдог гэнэ. Иймд аль болох зөөлөн найрлагатай гуужуулагчийг долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй.

Харшил үүсэхээс сэргийл

Арьс хэт хүйтэн хэт халуунд цочирч, тохиромжгүй бүтээгдэхүүнээс болж харшил үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс эмзэг мэдрэмтгий арьсанд тохирсон арьсыг цочроохгүй химийн найрлага багатай цэвэрлэгээний бүтээгдэхүүн сонгоорой.

Хоол хүнсээ анхаар

Өвлийн улиралд усны агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэх нь үр дүнтэй. Ингэснээр арьс дотроосоо чийгшил авах болно. Жишээ нь, тарвас, цөцгий, алим, жүрж, киви, усан үзэм, улаан лооль, өргөст хэмх, лууван зэргийг түлхүү хэрэглээрэй. Мөн витамин С, коллаген, омега 3 нэмэлтээр хэрэглэхэд илүүдэхгүй.

Хөөсөн цэвэрлэгчээс татгалз

Өвлийн улиралд хөөсөн цэвэрлэгчээс илүү цэвэрлэгч тос, бальзам үр дүнтэй гэнэ. Ингээд арьсаа цэвэрлэснээс 30 секундын дотор чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй.

Маск тавь

Хүйтний улиралд маск тавьж арьсандаа чийгшил өгч байх хэрэгтэй. Ингэхдээ зөгийн бал, тараг, чидун жимс, зуун наст, гадилтай маск тавиарай. Учир нь эдгээр бүтээгдэхүүн арьсанд хэрэгтэй амин дэмүүдийг өгдөг байна.

Эх сурвалж: udriintoim.mn

SHARE