“Солонгос улсын нэрийн өмнөөс” Монгол Улсын Цэцийн даргыг яллах уу?!

Монголыг гаднаас нь харахад ямар харагдаж байгаа бол?! Ингэж бодож үзсэн үү? Сүүлийн хоёр долоо хоног Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл олныг баясгав. Ялангуяа цахим сүлжээнд хүчтэй хэлэлцүүлэг өрнөлөө. Үндсэндээ Д.Одбаярыг бариад идчихлээ л дээ.

Өнөөдөр Д.Одбаярын албан тушаалын тухай яриа өрнөж байна. Чоно борооноор… Цэцийн дарга болох гэсэн Цэцийн гишүүдийн хүсэл ил болж, тэрүүхэндээ уралдаж байна. Яг үнэндээ Д.Одбаярын албан тушаал өчүүхэн юм. Үүний цаана Монгол Улсын эрх ашиг, Монгол төрийн дархлаа гэж нэг том юм бий. Энэ хэдэн хоногт Д.Одбаярыг доромжилж сэтгэлийн таашаал авсан монголчууд бид эдгээр талаас нь огт харсангүй. Д.Одбаяр яах вэ, ингэж идүүлж байхаар гээд өргөдлөө өгч байх шиг байна.

Харин Д.Одбаярыг гаргаж “хөөсөн” энэ хаалга хэзээ ч хаагдахгүй. Үүнийг бүү март. Сонгуулиуд дөхөж байна. Ээлж дараалан ийм “хэрэг”-т холбогдоцгооно. Хараад байгаарай. Энэ чинь технологи болж хоцорно. Дахиад хэлье, олон албан тушаалтан Д.Одбаяр шиг байдалд орно. Монголчууд муу юмыг улам төгсрүүлдгээрээ алдартай. Улс төрийн хар технологийн шинэ “мода” бол энэ болж үлдэнэ.

Ер нь Д.Одбаярыг солонгос хүүхэнд дарамт үзүүлсэн гэж хэн нотолсон юм бэ. Баримт нь хаана байна вэ. Бичлэг гарч ирсэн бил үү? “Кореан эйр”-ийн удирдлагууд албан ёсоор юу ярьсан юм бэ? Аль нь ч байхгүй. Солонгосын телевизүүдийн мэдээ, Солонгосын хууль хяналтын байгууллагын шийдвэр гэж байгаа. Телевизийг л бид үзсэн. Тэр шийдвэрийг нь харсан хүн байхгүй. Хүний эрх гээд хулгайч, алуурчныхаа царайг хүртэл харуулдаггүй хэвлэлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын царайг домог болтол харуулав.

Бид энд шавайгаа ханатал муулцгаав. Энэ биш ээ, монголчууд аа. Монголд төр бий. Ард түмэн бий. Хамгийн гол нь тусгаар тогтнол бий. Өнөөдөр Солонгосын телевизийн мэдээнд үндэслэж шийдвэр гаргаж байгаа Төр маргааш Хятадын, нөгөөдөр Оросын телевизийг мэдээний хүрээнд ажил хэргээ шийддэг болох уу? Ёрлож байгаа юм биш хэрэв одоо энэ хийрхлээ хэрэгжүүлбээс харийн онгоц, галт тэрэг, метронд “бүдрэх” дарга нарын цуваа тасрахгүй бөлгөө.

Өөрөөр хэлбэл, Солонгос улсын нэрийн өмнөөс Цэцийн даргыг яллах яриа яваад байгаа юм.

SHARE