Роналдог тойрсон яриа

Криштиано Роналдо Италийн “Ювентус”-ын сүүлийн хоёр тоглолтыг дуусгалгүй талбайгаас сэлгээгээр гарсан. Ялангуяа сүүлийн тоглолтод эрт суух болсондоо бухимдсан тэрбээр сэлгээний сандлыг чиглэлгүй шууд хувцас солих өрөө рүү алхчихсан.

Дэлхийн шилдгээр удаа дараалан шалгарсан өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчийн энэ авир хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын гадна үлдэх ямар ч боломжгүй байлаа. Тиймээс ч хөлбөмбөгтэй холбоотой хүн бүр энэ явдлын талаар ам уралдан ярьж, өөр өөрийн таамаглал, дүгнэлтээ гаргах болсон.

Италийн нэрт хөлбөмбөгч Антонио Кассано “Хэрвээ тэр тоглолт дуусахаас гурван минутын өмнө стадионоос гараад явчихсан нь үнэн юм бол допингийн шинжилгээ өгөөгүй гэсэн үг болж таарч байна. Тэгвэл ч өөрт нь таатай юм болохгүй дээ. Хөлбөмбөгчийн замналаа аюулд оруулчихаж байгаа юм биш үү” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Францын нэрт хөлбөмбөгч, эдүгээ “Ницца”-г удирдаж буй Патрик Виейра ч бодлоо хэлэхээс халгасангүй. “Роналдо бол өөр гаригийн хүн. Хөлбөмбөгийг бүрэн төлөөлж чаддаг тоглогч. Тэгэхээр яагаад түүнийг таагүй байдалд орсныг ойлгохыг хичээе. Хөндлөнгөөс харвал, Роналдо их таагүй үеийг давж туулахыг хичээж байх шиг. Довтлогч хүн гоол оруулахаа болихоор дарамтанд ордог.

“Ювентус” лигээ дандаа тэргүүлээд буйд би гайхахгүй. Харин тоглогч нь клубээсээ бараг том болчихсон үед байдал эвгүй харагддаг. Миний бодлоор бол “Ювентус”-ын гол од нь клуб өөрөө юм” гэж Виейра өгүүлжээ.

Тоглолтын дараагаар “Ювентус”-ын ахлах дасгалжуулагч Маурицио Сарри ухаалаг илтгэгчийн үүргийг маш сайн гүйцэтгэж, эхлээд Роналдод багийнхан нь талархах ёстой гэсэн магтаалын үгсээр урсгаад төгсгөлд нь түүнийг сарын турш өвдгөндөө гэмтэлтэй байгаа тухай болон тааруухан тоглосон тул сэлгэсэн гэж шүүмжлэх аясаар яриагаа өндөрлүүлсэн.

Криштиано Роналдо өөрийгөө супер хүн мэт байлгахыг, тийм харагдуулахыг хүсдэг нь нууц биш. Тиймдээ ч гэмтлээ нуудаг. Гэмтлийн улмаас тоглоогүй хэрнээ “Өө, би зүгээр амарсан юм” гэж хэлдэг зантай нэгэн.  Мэргэжлийн хөлбөмбөгчийн 17 жилийн замналдаа маш цөөн гэмтэж бэртсэн тэрбээр өөрийгөө сул дорой, гэмтэл бэртэлтэй байдлаар олонд ойлгуулах дургүй. Тиймээс ч Сарригийн сэлгээ, гэмтлийн тухай үгс португал хөлбөмбөгчийн уур бухимдлыг төрүүлсэн байж болох гэнэ.

Тэгвэл Португалын шигшээд түүнийг дуудлаа. Фернандо Сантушийн өгүүлснээр бол Роналдо гэмтэлгүй, формтой байгаа тул шигшээд дуудсан аж. “Хэрвээ Роналдо гэмтэлтэй, формгүй байсан бол би түүнийг шигшээд дуудахгүй. Роналдо дэлхийн шилдэг хөлбөмбөгч болохоор юу болоод байгааг хүн бүр мэдэх гэдэг. Тэгвэл би хэлье. Тэр зүгээр байгаа. Шигшээгийнхээ тоглолтод оролцох болно” гэж Фернандо Сантуш өгүүлжээ.

Сэтгүүлчид энэ хариултын дараа ч дасгалжуулагчаас Роналдогийн талаар асуугаад байсан тул “Хүмүүс ээ, энэ бол Криштиано Роналдогийн тухай хэвлэлийн хурал биш. Энэ бол Португалын шигшээ багийн тоглолтын тухай хурал. Бид Литва болон Люксембургийг хожоод Европын АШТ-д оролцох эрхээ авах ёстой” гэж Фернандо Сантуш мэдэгджээ.

Р.Гэгээ

 

SHARE