Зургаан настай охин тэнгэрт хальсан аавдаа ил захидал илгээгээд хариу авчээ

Английн Уиднес хотын зургаан настай охин Холли Морган залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аавдаа ил захидал илгээжээ. Удалгүй ил захидлын хариу ирсэн байна.

2018 оны зургаадугаар сард Найжел Морган өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж. Охин аавыгаа хаачсныг ээжээсээ асуухад “Тэнгэрт хальсан” хэмээх хариу сонсчээ. Ингээд охин аавдаа ил захидал илгээхээр болсон байна.

“Аавынхаа төрсөн өдрөөр охин минь баяр хүргэхийг хүссэн юм. Аравдугаар сард нөхөр маань 47 нас хүрэх байлаа” хэмээн охины ээж Лаура Аллен өгүүлжээ.

Охины ил захидлыг харсан Royal Mail шуудангийн албаныхан буцах хаягаа ил захидал дээр заавал дурьдахыг хүсчээ. Охин ч хаягаа бичээд явуулж.

Гэтэл хэдэн хоногийн дараагаар охины гэрийн хаягаар Холлид гэж тэмдэглэсэн ил захидал иржээ. “Сансар огторгуй, од гаригсийг туулан таны ил захидал эзэндээ хүрсэн” гэж ил захидалд дурьдаж байж.

“Охин маань хариу аваад хичнээн их баярласан гээч! Ил захидлыг шууданч тэнгэрт байгаа аавд нь хүргэж өгсөн гэж охин минь итгэсэн. Аавыгаа үгүйлсэн сэтгэлийг нь энэ явдал дэвтээж, тайтгарууллаа. Одоо охин минь аавдаа захидал илгээж болно, харилцаж чадна гэж итгэж, түүндээ баяртай явах болсон. Мөдхөн дахиад ил захидал илгээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн охины ээж ярьжээ.

Р.Гэгээ

SHARE