НОГООН БАЙГУУЛАМЖ БИДЭНД ӨНГӨЛӨГ ӨӨДРӨГ АМЬДРАХАД ЭРЧ ХҮЧ, ЭНЕРГИЙГ ӨГДӨГ

 

Олон улсын ойн өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

 Ойрын өдрүүдэд танай салбарын олон улсын өдрүүд тохиож та нэлээд завгүй байгаа байх. Олон улсын ойн өдрийг тохиолдуулаадэнэ салбарын бодлого үйл ажиллагааны талаар танаас цөөн асуулт тодруулах гэсэн юм.

 Олон тэмдэглэлт өдрүүдийг зарим иргэд шоуны өдөр нэмэгдлээ гэж ойлгодог. Олон улсын өдрүүд гэхээр баярын өдрөөс юугаараа ялгаатай вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлмээр байна?

-Юуны өмнө олон улсын ойн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас зарласан өдрүүд л дээ. Олон улсын ойн өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөний Асамблейгаас гаргасан нь хэд хэдэн учир шалтгаантай. Тухайлбал дэлхийн бөмбөрцгийн 30 орчим хувийг хуурай газар эзэлдэг ба энэ хуурай газрын 30 орчим хувьд нь ойн модтой. Энэ ойн модноос ялгарах хүчилтөрөгчөөр хүн, амьтан, ургамал амьсгалж амьд ертөнцийн оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж байдаг тул ийм чухал үүрэгтэй экологийн түлхүүр зүйл болох ойг хамгаалах нь дэлхийн нийтийн нийтлэг зорилт болж байгаа юм. Иймд улс үндэстэн бүр нэг өдөр ч гэсэн ойн ач холбогдлыг эргэн санаж он хамгааллын асуудалд ард иргэд, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор олон улсын ойн өдрийг тэмдэглэж ирсэн. Салбарынхан мэргэжлийн өдөртэй болсноор энэ өдрийн хүрээнд салбарынхаа үйл ажиллагаа, техник технологийн хөгжил дэвшил, ололт амжилт, бүтээл, онцлог зэргийг олон нийт сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал, хүсэлтийг сонсож ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэх, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах, ажлын идэвхи, санаачлагыг өрнүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхаар дэлхий нийтэд тунхагласан. Өнөөдөр энэ өдрийг “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэж байна.

-Энэ жил олон улсын ойн өдрийг “Ой ба энерги” уриан дор тэмдэглэж байгаа гэж хэллээ. Уншигчдад ямар учраас ойн асуудлыг энергитэй холбосон нь сонин байх болов уу.

-Уур амьсгалын өөрчлөлттэй уялдаж хатуу түлшний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх зорилтыг өнгөрсөн онд байгуулсан Парисын хэлэлцээрээр дэвшүүлж тавьсан. Сэргээгдэх эрчим хүчний нэг гол эх үүсвэр болох био түлшийг ойн био массыг ашиглан үйлдвэрлэх ихээхэн боломж байгааг үндэслэн дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд чиглүүлж байгаа юм. Энэ бол модыг түлшинд шууд ашиглана гэсэн үг биш, ойн хаягдлыг ашиглаж био түлш үйлдвэрлэнэ гэсэн үг юм.

-Ойн салбарын томоохон ажлуудын нэг нь ойн тооллого байх. Үр дүн, ач холбогдлын талаар товчхон мэдээлэхгүй юу?

-Анхны тооллогоос 60 жилийн дараа хийгдсэн энэ удаагийн ойн тооллого зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд өндөр ач холбогдолтой болсон. Олон зорилтот үндэсний тооллогоор бид ойн төлөв байдал, насжилт, бүтэц, ашиглалт гээд бүх мэдээллээ гаргаж авсан. Монгол орны ой өсөлт нь удаан, болц гүйцсэн, нөөцөөр ядмаг, хатсан, унасан модны хуримтлал их байгаа нь ойн менежментийг сайжруулах шаардлагатай гэдгийг харуулж байна. Мөн байгалийн аясаар ургаж байгаа зулзган модны тоо ой байгалийн аясаараа сэргэн ургах чадвар хангалттай байгааг харуулсан. Цаашид Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, сэргэн ургаж байгаа ойгоо арчлах, түймэр, хортон шавжаас хамгаалах, насжилт өндөртэй модыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ойн дундаж насыг залуужуулах шаардлагатай гэдгийг харуулж байна.

Энэ тооллогоор Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байгаа юм. Мөн хоёрдахь том ач холбогдол цаашид ойн тооллогыг бие даан гүйцэтгэх боловсон хүчний болоод техник, технологийн үндэсний бүрэн чадавхитай болсон.

-Хууль бус ашиглалтыг зогсооход, хамгаалахад Байгаль орчны салбарынхан мэдээж хүрэлцэхгүй. Иргэд олон нийтийг татан оролцуулахад ямар бодлого баримтлаж байна?

-Байгаль орчныг дан ганц төрийн албан хаагчдын хүчээр хамгаалах боломжгүй гэдэг нь амьдралаар нотлогдож, харин нутгийн уугуул иргэдийн идэвхтэй үйл ажиллагаагаар хамгаалдаг шалгарсан арга олон улсын хэмжээнд нэвтэрч байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай, хүн ам цөөнтэй манай орны хувьд байгалиа нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулж, байгалийн нөөцөө давуу эрхээр ашиглаж, амьдрал ахуйгаа сайжруулдаг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ менежментийг бодитой нэвтрүүлж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол малчдын нутгаа хайрлан хамгаалах сэтгэлгээ мах цусанд нь шингэсэн төдийгүй төрсөн нутагтайгаа өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн хэлхээсэнд холбогдож, салшгүй харилцаанд оршдог тул энэхүү менежментийг нэвтрүүлэх бүрэн боломжтой.

Энэ хойд ууланд тэдэн буга байгаа, тэдий тооны зэрлэг гахай байгаа. Энэ жил тэдээр нэмэгдсэн гээд сууж байдаг. Мал сүрэг шигээ бүртгээд тоолоод хариулаад сууж байдаг гайхалтай хүмүүс шүү дээ. Нүүгээд явахдаа бууриа цэвэрлээд гадасны нүхнүүдээ бөглөөд явдаг манай малчид хэзээ ч хэрэглээнээсээ хэтэрч байгаль дэлхийгээ сүйтгэх хүмүүс биш. Монгол улсын хэмжээнд 1281 нөхөрлөл 3.3 сая га талбайг гэрээгээр эзэмшин хамтын оролцоотой ойн менежментийг хэрэгжүүлж, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчний хөнөөлөөс хамгаалахад тодорхой ахиц гарч байна.

-Намар хаврын мод тарих өдрөөр ойгоос мод авчирч хотод үхүүлж байна гэсэн мэдээлэл яваад байгааг та анзаарсан уу. Энэ асуултанд нэг хариу өгөөч?

-2010 оноос хойш жил бүрийн хавар, намар хоёр мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс доройтож, агаар, хөрс, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгааг та бид мэдэж байгаа. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байгаа нь дэлхийн дунджаас даруй 7,5 дахин бага байна.

Жил бүрийн мод тарих өдрөөр тарьц, суулгацыг мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг. Мод үржүүлгийн газруудад 20 орчим сая тарьц, суулгац байна. Борлуулалт хийгдээгүй нас гүйцсэн мод ч мод үржүүлгийн газруудад байдаг. Үржүүлгийн талбайгаа чөлөөлөх үүднээс нас гүйцсэн модыг Нэгдүгээр хорооллын зам дагуу гээд хэд хэдэн байршилд шилжүүлэн суулгах ажлыг хийсэн. Үүнийг зарим хүмүүс буруугаад ойлгож ташаа мэдээлэл гарсан байна лээ. Нэг мод тарих энэ насны буян гэдэг дээ. Ой мод агаарын чийгшлийг их болгож хур тунадас унах нөхцлийг бүрдүүлдэг. Ногоон мод нүүрс хүчлийн хийг навчиндаа дамжуулж авч бидэнд шаардлагатай хүчилтөрөгчийг ялгаруулж агаарыг цэвэрлэдэг. Ой байгаа газар ус байдаг. Ногоон байгууламж бидэнд өнгөлөг өөдрөг амьдрахад эрч хүч, энергийг өгдөг.

-Олон улсын ойн өдрийн хүрээнд хийж байгаа ажлдуудаасаа дурьдахгүй юу?

-Энэ өдрийн хүрээнд ойн бодлого, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр үндэсний хурал, ой хээрийн түймрийн чиглэлээр үндэсний зөвлөлийн хурал, хууль бус мод бэлтгэлийн чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг, оюутны эрдэм шинжилгээний хурал зэрэг салбар дундын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд гаргаж байна. Эрхэм уншигч Та бүхэн очиж сонирхоорой, сэтгүүлч та бүхнийгээ ч бас урья.

-Ойрын хугацаанд ямар томоохон ахиц өөрчлөлт гарахыг салбарын хамт олон хүлээж байгаа байх. Энэ талаар таны төлөвлөж байгаа ажил юу байгаа бол?

-Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх ойн салбарын зорилт бол өмнө нь энэ салбарын сайд байхдаа 2015 онд УИХ-аар батлуулсан “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-д тусгасан нэгдүгээр үе шатны арга хэмжээ байх болно. Үүнийг хамгийн товчоор, энгийнээр томъёолбол орон нутаг дахь мэргэжлийн ойн салбарын нэгж болох “Ойн анги”-ийн сүлжээг бэхжүүлж, чадавхижуулах замаар орон нутагт ажлын байр бий болгосон, цэвэр ойн менежментийг хэрэгжүүлсэн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадавхитай ойн аж ахуйн салбарын үндсийг тавихыг зорьж байна.

-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Эх сурвалж. www.news.com

SHARE