133-р сургууль гурван ээлжээр хичээллэхээ болино

Энэ долоо хоногт 133-р сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл сурагчдын гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч төв талбайд тайван жагсаал хийсэн билээ.  Хичээлийн байр хангалтгүйгээс үүдэн тус сургуулийн хүүхдүүд өдрийн гурван ээлжээр маш бага цагийн хичээл үзэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан эл асуудлыг нэн даруй бүрэн эцэслэж шийдэх үүргийг нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Тодруулбал, 640 хүүхэдтэй “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн I байранд шилжүүлэн суралцуулахаар болсон бөгөөд нэг, хоёрдугаар давхрыг засварлахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн юм.

Хотын Захирагч “Засварт шаардлагатай төсвийг нь шийдээд өглөө. Одоо та нар энэ засварын ажлыг хурдан дуусгаж, арваннэгдүгээр сарын эхээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг энд шилжүүлэн сургах ёстой шүү” хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө. Учир нь “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын шилжин орох  Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд шилжүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус сургууль яг одоогийн байдлаар “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг хүлээн авах боломжгүй байгаа бөгөөд тус сургуулийн байранд хэрэгцээний халуун усны ялтсан бойлерыг солих, дотор сантехникийг засварлах шаардлагатай гэж мэдэгдээд байсан юм.

Ийнхүү дээрхи засварын ажлуудын хөрөнгө санхүү шийдэгдсэнээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид шилжин ирж, 133 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдлээ.

SHARE