Дуулиант хэргүүдээ шийдвэл саарал жагсаалтаас мултарна

Д.Бат-Очир

Францын Парис хотноо энэ сарын 13-18-нд FATF-ын ээлжит хурал болж Монгол Улсыг Зимбабве, Исланд улсын хамт саарал жагсаалтад орууллаа. Ингэхдээ Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийн талаар хэлэлцээд хяналтад байх орнуудын тоонд багтаасан байна. “…Эдгээр орон нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэн үзсэн” гэдгийг хөндлөнгийн эх сурвалжууд мэдээлжээ.

APG нь Монгол Улсын 2017 оны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаарх тайланд үнэлгээ хийгээд “…Хангалтгүй” гэж дүгнэсэн байдаг. Улмаар хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангуулах үүрэг өгсөн билээ. Гэвч манай улс энэ үүргийг биелүүлээгүй тул ийнхүү саарал жагсаалтад орж байгаа хэрэг юм.

Ингэж манай улс бүтэн жил ярьсан FATF-ын саарал жагсаалтад орж авлаа.

Энэ үйл явдалтай холбогдуулан FATF-аас манай улсад дөрвөн зөвлөмж ирүүлжээ. Үүнийг сийрүүлбэл “…Монгол Улс 2019 оны аравдугаар сард улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн.

2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш Монгол Улс нь харилцан үнэлгээний тайлангийн зөвлөмжинд заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотой олон чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулахтай холбоотой эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бий болгох, сайжруулах, энэ хүрээнд холбогдох гарын авлага, зөвлөмж боловсруулж түгээх зэрэг ажлууд хэрэгжүүлжээ.

Монгол Улс дараах нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.

Үүнд:

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх;
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг болно” гэжээ.

Эдгээр зөвлөмжөөс харахад улс төрийн нөлөөллөөс харьцангуй ангид, харин өөрсдөө улс төрд нөлөөлдөг хоёр ч салбар сүрхий донслох шинжтэй байна.

Нэгдүгээрт, шүүх шахаанд орно. Сүүлийн хэдэн жилд цагдаа, АТГ, прокурор, шүүхийн аль дээр нь гацаад байгаа нь мэдэгдэхгүй олон дуулиант хэрэг гацаанд ороод байгаа юм. Бидний ярьдаг “Оффшорын хэргүүд” үүнд хамаарна.

Хоёрдугаарт, том агуулгаар мөнгө угаалт, нарийвчилбал дээрх гэх мэтийн хэргүүдэд шууд болоод дам оролцоотой нэр бүхий арилжааны банкуудын үйл ажиллагаа хүндэрнэ. Олон жил нууц, далд явсан зарим банкны бүх зүйл ил болоод эхлэхээр юу болох нь тодорхой юм.

Эдгээр гэмт хэргийн гол хэрэглэгдэхүүн болдог лицензийн асуудлыг ч бас цэгцрэх шаардлага үүсч байгаа юм.

Юм хоёр талтай. Муу зүйлд бас сайн тал байдаг. Түүн лүгээ FATF-ын саарал жагсаалтад орсноор олон жил дуншсан хууль, хяналтын байгууллага дээр хэрэгсэхгүй болгох, эсвэл хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээн дуншиж байгаа хэргүүд шүүх рүү явж, тэнд учраа олох болж байна.

Маш товчоор хэлэхэд, манай улс ингэж дуулиант хэргүүдээ шийдэхгүй бол хар жагсаалт руу явах ч магадлалтай. Ер нь бол саарал жагсаалтад орсон улсад хар жагсаалтын хаалга нээлттэй байдаг.

Эцэст нь, эдгээрийг эс хийвээс Монгол Улс саарал жагсаалтаас дахиад гарах биш хар жагсаалт руу “Алхаад марш” болно гэсэн үг.

Эх сурвалж: news1.mn

SHARE