Football Manager дээр багаа аварга болгосон залууг клубын шинжээчийн ажилд авчээ

Сербийн 23 настай Андрей Павлович гэх залуу улсынхаа нийслэл Белградад амьдрахын зэрэгцээ Football Manager-т донтсон нэгэн ажээ. Гэхдээ донтсон тоглоомдоо маш амжилттай сайн ажилладаг гэнэ. “Бежанья” гэх хоёрдугаар лигийн багийг дээд лигтээ дэвшүүлж чадснаас гадна улсынхаа аваргаар 10 удаа тодруулж, Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт хүргэж чаджээ. Зам зуураа “Байерн Мюнхен”, “Манчестер Сити”, “Тоттенхэм” зэрэг том багуудыг жижигхэн “Бежанья” хожиж чадсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Павлович Football Manager-ийн амжилтын товчоогоо “Бежанья” руу илгээжээ. “Би өөрийгөө нэг их дөвийлгөх дургүй. Гэхдээ Football Manager дээр бол би энэ ертөнцийн домог шахуу” хэмээн тэр өгүүлжээ.

“Бежанья” клубын удирдлага Павловичийн мэдээллийг судалж үзээд клубтээ шинжээчээр авсан байна. “Клубын захирал намайг бямба гаригт хүрээд ир гэсэн юм. Зүгээр ярилцаад өнгөрөх байх гэтэл ажил санал болгосон” гэж Павлович баярлан ярьж байна.

Эхний ээлжинд Павлович “Бежанья” багийн залуучуудын баг дээр дүн шинжилгээ хийх үүрэг хүлээжээ. “Энэ бол миний мөрөөдлийн ажил. Цаашлаад хөлбөмбөгийн скаут, шинжээчээр ажиллах боломж нээгдлээ гэж баярлаж байгаа. “Бежанья”-гийнхан санхүүгийн хүндрэлтэй байгаа тул эхэндээ цалин өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ би ажлаа хийсэн шиг хийнэ. Учир нь би энэ багтаа хайртай мөн шинэ ажилдаа дуртай” хэмээн Андрей Павлович өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE