Зинченкогийн найз бүсгүй Роналдотой хамт зураг авахуулаад шүүмжлэлд өртөв

Евро 2020-ын урьдчилсан В хэсэгт Андрей Шевченкогийн удирдаж буй Украины шигшээ баг талбайдаа Португалыг 2:1-ээр хожсон. Ингэснээр тэд хэсгээ тэргүүлэх болзлоо хангаж, Евро 2020-ын эрхээ авсан юм.

Украины баг тус тоглолтод нийт таван цохилт хийсний хоёр нь гоол болсон бол португалчууд 23 удаа цохисон ч Криштиано Роналдогийн пенальти л амжилттай болсон. Энэ нь Роналдогийн хөлбөмбөгчийн замналын 700 дахь гоол байлаа.

Харин тоглолтын дараагаар Украины шигшээ баг болон Английн “Манчестер Сити”-гийн тоглогч Александр Зинченко ийн өгүүлжээ. “Би баяртай байна. Гэхдээ нэг зүйлд их бухимдлаа. Шүүгч эхлээд бөмбөгийг хөлд ойсон гэсэн. Тэгснээ Роналдог “Үгүй ээ, бөмбөг гарт ойсон шүү дээ” гэж хэлэхэд үгийг нь дагаад пенальти заачих юм. Үүнд би их уурласан” хэмээн ярьжээ.

Тэгвэл үүнээс гадна Зинченког бухимдуулж болзошгүй нэг явдал болсон нь найз бүсгүй Влада Щеглова нь тоглолтын дараагаар Криштиано Роналдтой хамт зураг авахуулжээ. Тус зургийн доорхи сэтгэгдлүүд дээр Украины фанатууд найз бүсгүйг нь ихэд шүүмжилцгээжээ.

“Зинченко чинь илүү шүү дээ”, “Зинченко одоо хардаад сүйд болно оо”, “Зина наадахиас чинь хамаагүй дээр”, “Одоо Зинченко дэлбэрнэ ээ” гэх мэтээр фанатууд сэтгэгдлээ бичсэн байна.

Зинченкогийн найз бүсгүй Влада Щеглова Украинд маш алдартай нэгэн гэнэ. Евро 2016-гийн үеэр шигшээ багаа дэмжиж буй нэгэн украин бүсгүйн зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, алдарших замыг нь нээжээ.

Түүний аав, ах хоёр нь хөлбөмбөгч. Өөрөө спортын сэтгүүлч болохыг мөрөөддөг тухайгаа дараахан нь хэвлэлд ярьсан юм. Ингээд удалгүй мөрөөдлөө биелүүлж, спортын сэтгүүлч болсноор эдүгээ хөлбөмбөгийн мэдээ мэдээлэл дагнан бэлтгэдэг телевизийн сурвалжлагчаар ажилладаг.

Влада Щеглова 17 настайдаа Мисс-ийн уралдаанд түрүүлсний зэрэгцээ мөн үзэгчдийн таашаалд хамгийн ихээр нийцсэн гоо бүсгүйгээр нэрлэгдэж байжээ.

Р.Гэгээ

 

SHARE