Нойргүйдлийг ЭМЧЛЭХ “АРСЛАН” АРГА

 

Оросын нэртэй сэтгэл засалч, сэтгэл судлаач, зохиолч Владимир Львович Леви нь сэтгэл судлалын 30 ном бичсэн. Тэрбээр 1938 онд Москвад төрсөн бөгөөд ирэх аравдугаар сарын 18-нд 81 насных нь төрсөн өдөр тохиох юм. Монгол хэлнээ хөрвүүлсэн “Өөрийгөө жолоодохуй” ном нь оросоор “Искусство быть собой” нэртэй. Энэ номыг зохиогчийн эх орон манай хойд хөршид 1973, 1977, 1990, 2007 онд дөрвөн удаа олон сая хэвлүүлсэн.

Харин Ц.Цэрэн, Ч.Алтанзагас нарын орчуулж 1982 оны нэгдүгээр сарын 20-нд уншигчдын гар дээр тавьсан уг номыг Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинатад ердөө 4400 хувь хэвлэсэн. Одоо бол энэ нь маш их хувь. Тухайн үед оросоос орчуулсан номыг 10 мянгаас дээш тоогоор хэвлэдэг байсантай харьцуулахад дэндүү бага тоо. Дахин хэвлээгүйг нь бид одоо ч гайхдаг юм. В.Левийн зохиосон өөрийгөө жолоодох болон бясалгалын олон зөвлөлгөөт хичээлээс нойргүйдэлтээс 100 хувь чөлөөлөгддөг аргыг нь уншигчдадаа толилуулъя.

Та унадаг дугуй унаж сурч байна. Хагас дутуу тэнцвэр олчихоод амьхандаа хурд авах санаатай жийгээд хартал явах замын хажууд чулуу харагдлаа. Та  чулууг дайрахгүй юм шүү гэж байдгаараа хичээнэ. Гэвч тэгэхээс тэгэх гэсэн шиг нөгөө чулууг дайраад дугуйтайгаа хамт тэрий хадаж, ойчно. Уг нь тэр чулууг дайрахвий гэж болгоомжлоогүй, тоох ч үгүй байсан бол урд чинь гэнэт тулсан ч тойроод гарна. (Унадаг дугуй унаж сурчихсан хүн яг ингэдэг) Таны тэр чулууг дайрахвий гэсэн бодол чинь бодит байдал болон биелж байгаа хэрэг. Энэ бол өөрийн тань бодол таныг жолоодож байгааг харуулсан жишээ.

Таны хөл дор 20 см-ийн өргөнтэй банз байна. Та газарт хэвтээ банзан дээгүүр юу ч бодохгүй гишгээд өнгөрнө. Саяын банзыг доошоо 50 см ухсан нүхэн дээр хөндлөн тавиад таныг гар гэе. Банзны өргөн хуучнаараа 20 см байгаа. Та зүгээр л дамжиж алхаад гарна. Ухсан нүхийг нэг метр, бүр хоёр метр гүнзгий болгоё. Банзны өргөн хуучнаараа 20 см. Гэтэл та уначихвий гэж болгоомжилно. Нэг метрийн гүнзгий нүхэн дээгүүр хөндлөн тавьсан банзнаас арай ч уналгүй, гэхдээ нэг айхтар хальтраад гарах байх. Хоёр метрийнхэд бол хөл алдан шууд доошоо унана. (Хоёр метр дээр туршилт бүү хийгээрэй гэж зөвлөе) Таны унахвий гэсэн бодол чинь бодит байдал болон биелж байгаа хэрэг. Энэ бол өөрийн тань бодол таныг жолоодож байгааг харуулсан жишээ.

Бид эдгээр мөрийг 1982 онд монгол хэлнээ хөрвүүлсэн Оросын сэтгэл зүйч эрдэмтэн Владимир Левийн “Өөрийгөө жолоодохуй” номоос уншсан юм. Бид гэдэг нь нойрны эм ууж хүчээр унтдаг, эмнэлгийн нэр томьёогоор бол “нойргүйдэлт” өвчин туссан хэсэг хүн. Энэхүү номыг уншаад нэгийг ойлгосон. Нойргүйдэх өвч­ний шалтгаан: бид бүхэн орой орондоо оронгуут зүгээр л унтаад өгөхийн оронд унтахгүй байх гэж болгоомжилдгоос үүдсэн болох нь тодорхой боллоо. Хэвтэнгүүт унтдаг хүмүүс чулуу тойроод явчихдаг сайн дугуйчин шиг юм байна. Харин бид дайрахвий гэж болгоомжилсон ч заавал очиж мөргөн газар унадаг шинэ дугуйчин шиг юм байна. Нойргүйдэлтийн жинхэнэ шалтгаан нь “Унтахгүй байх даа. Нойр хүрэхгүй байх даа гэж бодсоноос огт унтаж чаддаггүй” гэдэг оношоо “Өөрийгөө жолоодохуй” номоор тодруулсан бид “эврика” гэж хашгирч гудамжаар баахан гүйсэн. Харин дахиад хэзээ ч нойргүйн зовлон эдлэхгүй болсондоо баярлаж байгааг минь ойлгоогүй зарим хүн биднийг нойргүйдэлтээсээ болоод бүр галзуурчихаж гэж андуу бодсон байна билээ.

Сэтгэл судлалын гай­хамшигт энэ номонд, “Хэрэв ухамсар байвал нойр байхгүй, нойр байвал ухамсар байхгүй. Ухамсар нь нойрыг барьж тогтоодоггүй, гагцхүү түүнийг хөөн холтгож чадна. “Унтах хэрэгтэй” гэдэг санаа нь хэт дийлээд “унтахгүй байна” гэдэг ухамсар нь бүр сүйрэлд хүргэхүйц болно” гэх мэт ойлгоход наад зах нь шинжлэх ухааны нэвтэрхий толь шаардсан хүнд өгүүлбэр зөндөө бий. Бидэнд тэр бүрийг заавал ойлгох шаардлага байгаагүй. Зөвхөн нойрны ямар ч эм уухгүйгээр хүссэн цагтаа унтдаг тэр аргыг сурсан юм. Гайхамшгийг таниулсан сэтгэл зүйч Владимир Левийг үргэлж дурсан санахын тулд уг аргыг “Нойр хүргэдэг хамгийн шилдэг эм ЛЕВ” гэж нэрлэсэн билээ. Өөрөөр “Нойргүйдлийг эмчлэх Арслан арга” ч гэж болох юм. Энд нэрт эрдэмтний овгийн орос нэр Леви нь “лев” гэсэн (монголоор арслан) үгийн язгуур агуулж буйг харгалзсан.

 

НОЙР ХүРГЭДЭГ ХАМГИЙН ШИЛДЭГ ЭМ “АРСЛАН”

Та хэвтэнгүүт “одоо ч нойр хүрэхгүй дээ, мөд ун­тах­гүй дээ”   гэсэн   бодлоо тол­гойноосоо бүрмөсөн авч хаях хэрэгтэй. Ингээд хэлчи­хээр та энэ үгэнд ороод бодлоо хөөчихнө гэж бодож байна уу. Огт чадахгүй. Тэгэхээр бодлоо хөөх бус төвлөрүүлэхгүй байх аргыг хэрэглэх ёстой.

Ингэхийн тулд жишээл­бэл, 1-ийн тоо ямар билээ, 2-ын тоо ямар билээ, 3-ын тоо ямар билээ, 4-ийн тоо ямар билээ, 5-ын тоо ямар билээ, 6-гийн тоо ямар билээ, 7-ийн тоо ямар билээ, 8-ын тоо ямар билээ, 9-ийн тоо ямар билээ хэмээн есөн цифрийн дүрсийг гүйлгэн бодож дуусангуут дахиад шинээр 1-ээс эхлэн дүрсэлж бодно. Дуусангуут дахиад шинээр эхэлнэ. Анхаарах зүйл гэвэл мэдээж нэгд, нүдээ аньсан байна, хоёрт, дүрслэн бодож буй тоогоо амандаа хэлж болохгүй, гуравт, тухайн тооноос ургуулан бодлоо хөврүүлж болохгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, 5-ын тоо тийм дүрстэй гэж бодож байснаа “Манайх нээрээ ам бүл тавуулаа юм байна, манай томыг багш нь өчигдөр магтсан гэл үү. Харин манай багын багш яагаад ярихгүй байна” гэх мэтээр хөврөөд алга болох аваас дэвэн дэлхийн сайн муу бодогдоод юун унтах мантай юм болно.

Нэгээс ес хүртэлх тооны есөн дүрсийг зүгээр л гүйлгэж дахин дахин давтаж бодоод байх ёстой. Эхний үед “тооны дүрс ингэж бодоод унтах болов уу, мэдэхгүй дээ” гэсэн бодол толгойд чинь орж ирнэ шүү. Бушуухан дараачийн тооны дүрс ямар билээ гэж дүрсэлж ухаан бодлоо төвлөрөхөөс зугтаах хэрэгтэй. Ямар ч ач холбогдолгүй есөн дүрс ээлжлүүлэн гүйлгэж бодоод байхаар тархи залхуурч эхэлнэ. Нойр ч хүрч нэг мэдэхэд нам унтсан байдаг. Энэ механик аргыг зүйрлэбэл, өлгийтэй хүүхдийг унтуулахын тулд зогсоо зайгүй бүүвэйлэн хөдөлгөөд байдаг. Тэгэхэд нэгэн хэмнэлт хөдөлгөөнд орсон хүүхэд унтаад өгдөг дөө. Түүнтэй агаар нэгэн адил юм.

Хамгийн эцэст тэмдэглэхэд, “Арслан” аргаар унтаж байгаад сэрвэл дахиад л давтаж хэрэглээрэй гэдгийг зөвлөе. Энэ аргыг эзэмшсэнээр та хэдхэн шөнийн дараа хүссэн үөдээ, дуртай цагтаа шууд унтаж чаддаг болно. Таныг бас бидэн шиг “Эврика” гэж гүйж явахыг чинь харна.

 

Б.ЕРЭНТЭЙ (сэтгүүлч, МУСГЗ)

SHARE