Салфеткан дээр ХОЁР БАДАГ, бичгийн цаасан дээр НЭГ БАДАГ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн хөгжим “Цэцэгчний хүслэн” дууны үгийг 1983 онд Дарханы Б.Энхбатын анх дуулснаар толилуулъя.

 

Алтан нарны цацраг атган

Ариун хөрсөнд соёолон найгасан

Амьдрал жаргалын гэгээн бэлгэдэл

Алаг цэцэг мөнх дэлгэрэг

      Энхэрхэн дэлбээг чинь тааланхан

      Эхийн хайраар чамайг ургуулсан юм

      Энхэрхэн дэлбээг чинь тааланхан

      Эхийн хайраар чамайг ургуулсан юм

Хаврын үдэш залуус учрахдаа

Хайрын болзоонд чамайг өргөн

Сайхан үнэрт чинь сэтгэл баясанхан

Саруул орчлонд жаргаж яваг

      Энхэрхэн дэлбээг чинь тааланхан

      Эхийн хайраар чамайг ургуулсан юм

      Энхэрхэн дэлбээг чинь тааланхан

      Эхийн хайраар чамайг ургуулсан юм

Энхийн төлөө цэцгээ барин

Эвийн дэлхийн хүмүүс золгоод

Миний цэцгийн ариун дэлбээнд

Дайны тоос бүү хүргэ

1985 онд Дархан хотын соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотод болох үеэр төрөөс Дарханы “Залуучууд” театрын гурван уран бүтээлчид Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсний нэг нь дуучин Барьдын Энхбат юм. Уянгалаг намуухан хоолойгоороо ард олны сэтгэлийг хөглөж, төмөр утастай ятгатай дуулдаг түүний хит болсон уран бүтээлүүдийн нэг нь “Цэцэгчний хүслэн” дуу билээ. Үгийг нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч гуай бичсэн. Тэгэхдээ эхний хоёр бадгийг 1982 оны хавар гуанзны салфеткан дээр, төгсгөлийн нэг бадгийг 1983 оны өвөл  бичгийн цаасан дээр бичсэн. 1970, 80-аад онд нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг залуучуудын дунд Авьяас сэргэлэнчүүдийн тэмцээн “АСТ” болдог байв. Урлаг, спортоор өрсөлддөг энэ цэнгээнт тэмцээн нь орон даяар түгэн дэлгэрч, Авьяас сэргэлэнчүүдийн клуб “АСК”-үүд нийслэл болон аймгийн төв, бусад томоохон суурин газарт үүд хаалгаа нээж байсан үе. 1982 оны хавар Улаанбаатар хотноо байдаг, манай улсын хамгийн том Цэцгийн үйлдвэрт агрономичоор ажилладаг Энхтуяа хэмээх бүсгүй П.Бадарч найрагчийг хайсаар байж зоогийн газар олж уулзаад “АСК-ын тэмцээнд оролцох гэсэн юм. Та надад хэлэх үг бичиж өгөөч” гэж гуйжээ. Яруу найрагч хариуд нь,

-Ах нь АСК-ын үг бичдэг найрагч биш хэмээн тоглоом шоглоом болгон цааргалсан байна. Энхтуяа агрономич шүлэг бичиж өгнө үү гэхийн оронд хэлэх үг хэмээн алдаа гаргасандаа уучлал гуйгаад,

-Та ийм том яруу найрагч байж, хэдэн мөр шүлэг бичиж өгөхөөс дургүйцлээ гээд бүр туних янз гаргажээ. П.Бадарч найрагчид тухайн мөчид мөр тавих цагаан цаас байсангүй, харин хамгийн түрүүнд нүдэнд туссан нь хоолны ширээн дээр байгаа давхарласан цэвэр салфетка. Нэгийг аваад хоёр бадаг шүлэг тэрлэж өгсөн байна. Үүнээс хойш бүтэн жил өнгөрч, “АСТ”-ын “үг” бичиж өгснөө ч мартчихаж. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг нэг өдөр утасдаж байна гэнэ.

-Өөрийн тань хоёр бадаг шүлгэнд ая хийлээ. Дарханы театрын төмөр ятгатай дуулдаг Энхбатаар дуулуулна гэж бодож байна. Одоо хүрээд ирэх үү. Гуравдугаар бадаг хэрэгтэй байна.

-Юун шүлэг байдаг билээ. Чи хаана байна.

-Монгол телевизийн хөгжмийн редакцын өрөөнд байна. Миний хийсэн аяыг ирээд сонсохгүй юу гэжээ.

П.Бадарч найрагчид өөрийнх нь хоёр бадаг шүлэгт хийсэн дууны ая их аятайхан болсон санагдаж. Тэнд нь сууж байгаад “Цэцэгчний хүслэн” дууныхаа гуравдугаар бадгийг бичиж өгчээ. Гэхдээ энэ удаад бичгийн цагаан цаасан дээр туурвисан байна. Ингэж XX зууны нийтийн шилдэг дуунуудын нэг “Цэцэгчний хүслэн” төрсөн ажээ. Сүүлийн үеийн дуучид энэ дууг Б.Энхбат гавьяатыг дуурайхаас аль болохоор зайлсхийн уран бүтээлийн хайгуул хийж өөр өөрийнхөө донжоор дуулж байна. Харин ихэнх нь гуравдугаар бадгийн сүүлчийн мөр “Дайны тоос бүү хүргэ” гэдгийн сүүлчийн үгийг “Дайны тоос бүү унаг” хэмээн өөрчилсөн байна билээ.

 

Е.МЯГМАРСҮРЭН

 

SHARE