Хөлбөмбөгийн донтой солонгос

“Хэчнээн мундаг хөлбөмбөгч байлаа ч бусдыг хүндэлж мэддэггүй бол чи хэн ч биш” хэмээн Сон Хён Мин яриагаа эхэллээ. “Аав минь надад тэгж сургасан юм. Одоо ч гэсэн тэрийгээ хэлдэг. Чи гоол оруулах боломжтой байлаа ч өрсөлдөгч чинь бүдэрч гэмтсэн бол бөмбөгөө зүгээр л талбайгаас гартал нь цохичих. Тэгээд өрсөлдөгчдөө санаа тавь гэж. Үнэнээ хэлэхэд, заримдаа улайрч тэмцэлдэхдээ аавын үгийг санаж дагах хэцүү л байдаг. Гэхдээ бид нэн түрүүнд хүн гэдгээ мартаж болохгүй. Хүн хүнлэг байх ёстой. Хүмүүс бие биеэ хүндлэх ёстой. Талбай дээр байна уу, талбайн гадна байна уу, хамаагүй” хэмээн Сон үргэлжлүүлэн өчлөө.

Сон бол аавын хүү, бас аавынхаа шавь. Аав нь Өмнөд Солонгостоо шаггүй нэртэй сайн хөлбөмбөгч явжээ. Гэвч гэмтэл бэртлийн улмаас 28 насандаа талбайд гарч чадахаа больсон юм билээ. Өөрөө тоглож чадахааргүй болсон ч хоёр хүүгээ мэргэжлийн хөлбөмбөгч болгох мөрөөдлөө тэр биелүүлэхээр чадах бүхнээ хийжээ.

“Аав хатуу арга барилтай юу гэж үү? Хатуу гэх багадна. Аймшигтай гэвэл илүү дөхүү” гээд Сон инээмсэглэв. Гэхдээ дуу хоолой нь цаагуураа аавыгаа хайрлаж буй нь илт.

“Миний энд, ингээд тоглож яваа нь аавын л буян. Тэр үргэлж миний төлөө, миний өмнөөс сэтгэж, зүтгэж ирсэн хүн” гээд Соны хоолой зангирав.

Соны аавыг Сон Вүн Жон гэдэг. Хатуу гээд байгаагийн учрыг тайлах нэг түүхийг хүүрнэе. Сон нэг өдөр ахтайгаа муудалцжээ. Тэрсхэн хоёр хүү нь охид шиг муудаад толхилцоод буйд уурлаад аав нь тэднийг бөмбөг жонглёрдохыг тушаасан байна. “Аав тэгэхэд бид хоёрыг бүтэн дөрвөн цаг бөмбөг жонглёрдуулж билээ. Бөмбөг газар унагаж хэрхэвч болохгүй гэж тушаасан. Гурван цаг гаруй тэгээд ирэхээр нүд эрээлжлээд бөмбөг гурав дөрөв болж харагдаж эхэлдэг юм билээ. Газар бүр ув улаан болчихсон. Би аймшигтай ядарсан. Бөмбөгөө газар унагалгүйгээр тэгж удаан жонглёрдоно гэдэг хэний ч бодсон аймшигтай шийтгэл биз?” гэж Сон өгүүллээ.

Одоо аав хүү гурав уулзаад суухдаа тэр дөрвөн цагийн талаар ярилцаж, дурсдаг аж.

Соныг 10 настай байхад аав нь тэдний багийг дасгалжуулах болжээ. Тэгтэл дахиад л хүүдээ хатуурхав. Багийн бүх хүүхдийг 40 минут бөмбөг газар унагалгүй жонглёрд гэж. Хүүхдүүд алдаад байхад аав таг дуугүй сууна. Харин Соныг бөмбөгөө нэг унагахад багаар нь дахин жонглёрдуулсан юм билээ.

Сон уг нь баруун. Гэвч аав нь түүнийг зүүн хөлөөр нь тоглуулж, цохиулах дасгал байнга хийлгэдэг байж. Үр дүн нь одоо их тод. Премьер лигт 42 гоол оруулснаас 17-г зүүнээрээ оруулсан байдаг. Ер нь Европын талбайд тоглож буй “хоёр хөлтэй” хамгийн шилдэг тоглогчдын эхний гуравт Сон гарцаагүй багтана. Нийт цохилтуудынхаа 42 хувийг зүүнээрээ цохидог гээд бодохоор арга ч үгүй биз.

Соныг онцгой болгодог бас нэг зүйл бол хөлбөмбөгийн дон. Түүнд хөлбөмбөгийн ертөнцөөс гадна найз нөхөд гэж үгүй. Яг одоогоор бол найз бүсгүй ч байхгүй гэж байгаа.

“Солонгост надад найзтай болох боломж гараагүй. Бэлтгэл хийсээр байгаад таарсан. “Хамбург”-ийн залуусын багт байхдаа би тэндхийн хөвгүүдтэй л харилцдаг байлаа. Одоо ч гэсэн тийм. Би эндэхийн л залуустай харилцдаг. Өөр харилцдаг найз гэж надад байхгүй. Ер нь би зөвхөн хөлбөмбөгийн л хүрээний хүмүүсийг таньж мэднэ. Тэглээ гээд санаа зовдоггүй ээ. Хөлбөмбөгт сонирхолтой сайхан хүмүүс олон байдаг юм” гэж Сон ярьжээ.

Гэхдээ Сон Өмнөд Солонгосын поп-од Бан Мин А болон Ю Со Юнтай нэр холбогдоод амжсан гэж байгаа. Гэвч түрүүн өгүүлсэнчлэн одоо бол сингл. Ойрдоо найз бүсгүйтэй болох шинж ч үгүй зөвхөн дэлдэн чихтийг л бодож хэвтээ янзтай. Аав нь түүнд хэлсэн юм билээ. “Хөлбөмбөгчийн замналаа өндөрлөтөл гэрлэх хэрэггүй” гэж.

“Аав минь тэгж хэлдэг юм. Хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлснийхээ дараа гэрлэ гэж. Би ч бас тэгж боддог. Гэрлэнэ гэдэг бол гэр бүл, эхнэр, үр хүүхдэдээ нэн түрүүнд анхаарлаа хандуулна гэсэн үг. Харин миний хувьд тоглож чадахаар байгаа үедээ хөлбөмбөгийг л хамгийн чухал зүйл минь гэж боддог.

Хэдэн жил өндөр түвшинд тоглож чадахаа хэн ч урьдчилан хэлж чадахгүй шүү дээ. 33 юмуу 34 насандаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлээд гэр бүл зохиолоо гэхэд олон жил сайхан амьдрах нас байна.

Европын дасгалжуулагчид хөлбөмбөгчдөө эртхэн гэрлээсэй гэж боддог уу гэж үү? Тийм ээ, тийм хандлага байдаг. Тэгвэл ууж наргих ч юмуу бас бус асуудлаас хол байдаг гэж үздэг. Харин би тэгж явдаг хүн биш л дээ” хэмээн Сон өчжээ.

Ганцхан хөлбөмбөг л гээд байхаар галзуурчихдаггүй юм уу, ядаж гольф тоглооч гэсэн нэгний зөвлөгөөний талаар Сон ярихдаа “Солонгост гольф их түгээмэл спорт. Хүн бүр л тоглох гэнэ. Заримдаа би зурагтаар гольф харж л суудаг юм. Гэхдээ тоглохын хувьд бол их хачин. Өөрөө бөмбөгөө аль болох хүчтэй цохисон хэр нь дараа нь түүнийгээ хайгаад явчихаар хачин биз дээ. Тэгээд ч уйтгартай. Тэрний оронд гэртээ хөгжим сонсоод сууж байсан нь дээр” гэж тэр ярьж байна.

Англид ирсэн эхний улиралдаа Сон гялалзаагүй. Гялалзах байтугай унтраад дуусах шахсан. Премьер лигийн бүтэн улиралд ердөө 13 удаа л гараанд гарсан байдаг юм. Ингээд 2016 оны зун болмогц “Тоттенхэм”-ээс явах гэж үзжээ. Гэвч Почеттино түүнийг ятгаж дөнгөсөн байна.

Почеттино өөрийн намтар номдоо энэ талаар ингэж өгүүлсэн байдаг. “Германы нэг баг түүнийг авъя гээд болдоггүй. Бүр байнга гараанд гаргана гэж хүртэл амласан юм билээ. Гэвч би түүнд байнга хүн бүрт хэлдэг үгээ хэлсэн. Ийм амлалт хөлбөмбөгчийн хувьд үхэл гэсэн үг гэж. Заавал гараанд гаргана гэсэн амлалт хөлбөмбөгчийн тэмцэх, өрсөлдөх хүсэл эрмэлзлийг унтраадаг. Тэрний оронд багийнхантайгаа гарааны эрхийн төлөө өрсөлдье гэсэн эрмэлзэлтэй байсан нь дээр. Урьдаас тогтчихсон зүйл эрсдэлийг үгүй хийдэг аюултай. Тэгээд бид түүнд ойлгуулсан юм. Тоглох эрхээ өөрөө олж авсан нь дээр гэж. Тааруухан улирлын дараагаар явъя гэсэн нь үнэн. Гэхдээ тэр миний төлөвлөгөөнд байгааг хэлээд зүгээр ингээд явуулчихгүй гэдгээ ойлгуулсан. Тэгээд тэр үлдсэн юм” хэмээн Почеттино дурсжээ.

2017 оны хавар Почеттино солонгос залуугийн шийдэмгий бус байдалд бухимджээ. Тэгээд тулгалт хийсэн байна. “Хэрвээ ингэж тоглох юм бол чи бидэнд хэрэггүй” гээд Почеттино нэг тоглолтын хоёр тохиолдолд урагш довтлолгүй, эрсдэл рүү тэмүүлэлгүй дэндүү болгоомжтой тоглосон бичлэгийг нь харуулжээ.

“Соны тэр шийдэмгий бус хэт болгоомжтой тоглолт өөрт нь ч, багт ч саад болж байлаа. Тэр бичлэгийг үзээд Сон өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн. Би дараагийн “Миллуол”-тай хийх тоглолтод түүнийг гаргахгүй гэж бодож байсан юм. Гэвч бодож байгаад гаргасан. Тэгэхэд тэр янзтай сайн тоглосон” хэмээн Почеттино өгүүлжээ.

“Миллуол”-тай тэгж тоглох хүртэл сар хагас Сон гоол оруулаагүй юм билээ. Харин тэр өдөр хет-трик хийсэн юм.

Харин энэ улиралд Соны гоол оруулсан тоглолт бүрт “Тоттенхэм” хожиж байлаа. Почеттино наргиа болгож “Дараагийн тоглолт дээр Сон гоол оруулах юм бол би тоглолтыг дуусахыг хүлээлгүй шууд шүршүүрт орохоор явна аа. Тэртэй тэргүй хожих юм чинь” гэж “Боруссиа Дортмунд”-ыг Аваргуудын лигт хожсны дараа инээмсэглэн хэлсэн билээ.

Ази Европ хүмүүсийн ялгаа гэж айхавтар юм бий. Сон одоо Лондонд гэр бүлийнхэнтэйгээ цуг амьдардагт англичууд бага зэрэг гайхдаг нь аргагүй. Энэ сэдвээр тэр бодлоо хэлэхдээ “Тийм ээ, ялгаа бий. Яагаад одоо хүртэл эцэг эхтэйгээ хамт амьдардаг юм бол гэж боддог байх. Тэгвэл хэн намайг халамжлах юм бэ? Хэн надад туслах юм бэ? Гэр бүлийнхэн маань л тусална. Тэд өөрсдийн амьдралаа орхиод надад туслахаар энд ирсэн. Би тэдэндээ өртэй. Сайн тоглох ёстой” хэмээжээ.

“Мэргэжлийн хөлбөмбөгч байна гэдэг ганц авьяасаар болчих эд биш. Би Криштиано Роналдог биширдэг. Тэр авьяас гээчээс хавьгүй илүүг хийж, асар их хөдөлмөрлөдөг. Тэгтэл бас их авьяастай хэр нь огт хөдөлмөрлөдөггүй хүмүүс байна. Тэдэнд зүтгэх, амжилт гаргах сэтгэлзүй байхгүй. Ганц авьяас бол юу ч биш” гэж Сон өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Өнгөрсөн намар Азийн наадамд Өмнөд Солонгосын шигшээ баг түрүүлж, улмаар хоёр жил цэргийн алба хаах хуулийн шаардлагаас Сон “мултарсан” юм. “Тоттенхэм” түүнд тийм боломжийг нээж өгч, явуулсан. Харин өмнө нь “Байер Леверкузен” ийм боломж өгөлгүй, клубээ бодон үлдээсэн түүх байдаг.

Өмнөд Солонгост эрчүүд заавал хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах хуультай. Тамирчдын хувьд үүнээс мултрах хоёр л боломж байдаг гэнэ. Нэгд, олимпын ямар нэгэн медаль хүртэх. Хоёрт, Азийн наадмын алтан медаль хүртэх. Гэхдээ бас нэг хөнгөлөлт байдаг нь жил хагас Солонгосын аль нэг багт тоглоод үүнийхээ дараагаар Батлан Хамгаалахын ямар нэгэн багт хоёр жил тоглох гарц байдаг аж. Гэвч Сон ингэхийг хүсээгүй. Тэр хөлбөмбөгийг хамгийн өндөр түвшинд тоглохыг хүссэн юм.

“Азийн наадамд бид гайхалтай сайхан тоглож, аварга болсон. Би эх орноороо, багийнхнаараа бахархсан. Цэрэгт татагдахгүй байх нь миний зорилго байгаагүй. Миний зорилго бол чадаж байгаа зүйлээрээ эх орондоо туслах, үргэлж агуу хөлбөмбөгч байх. Энэ зорилго маань эргээд бүх зүйлтэй холбогдож, чиглүүлж өгдөг юм” хэмээн Сон Хён Мин өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE