Улсын наадамд дийлж хурдалсан ажнай шаргууд

Дэлгэр зуны цагт дэнж хотойлгон эхлэдэг

Монгол наадмыг 2015 онд ЮНЕСКО

“Хүн төрөлхтөний соёлын биет бус соёлын өв”-д бүртгэн авсан.

Монголчууд газрын хол ойрыг зайг “бараан бүгээнийн газар” гэсэн үгээр илэрхийлдэг. Энэ нь дурангүйгээр энгийн нүдээр хараад цагаан, хар зүстэй адууг ялгаж таних хэмжээний холын зайг хэлж байгаа билээ. Бараан зүсний адуунд хар, хээр, хүрэн гэсэн цөөхөн, харин бүгээн зүсэнд цагаан, бор, хондон, цавьдар, хонгор, загал, саарал, шарга, зээрд, халиун, хул гэх нэлээд олон зүс хамрагдана. Аялал жуулчлал хөгжсөн өнөө үед орчуулагч-хөтөч нар адууны зүс орчуулах гэж аргаа бардаг гэсэн. Цаад хэлэнд нь таарах үг байхгүй. Эцэст нь хялбаршуулсан арга хэрэглэдэг болжээ. Бараан зүсний харыг шууд “хар” адуу, хээр, хүрэнг хоёуланг нь “хүрэн” адуу. Харин бүгээн зүсний адууг “цагаан, цагаандуу, цагаавтар” адуу гэж орчуулдаг байх юм.

Морь судлаач Пүрэвсүрэнгийн Дашдэмбэрэл тэргүүтэй залуучууд 1900 оноос 2017 оны хоорондох 119 удаагийн Улсын баяр наадмын түрүү хөлгийн олонхыг бараан зүсний морьд, цөөнхийг нь бүгээн зүсний морьд авсан талаар судалгаа гаргасан байна. Сонирхолтой нь  олонход цөөнх болсон бүгээн зүсний түрүү морьдын дунд шарга хөлгүүд нэлээд хожуу XX зууны дунд үеэс хурдалжээ. Тэдний гаргасан судалгааны “Улсын баяр наадамд түрүүлсэн хурдан шаргууд”-ыг танилцуулъя.

1968 он. Шүдлэн – Төв аймгийн Борнуур сум. С.Жамбалын шарга

1969 он. Их нас – Төв аймгийн Баянцагаан сум. Г.Сундуйн шарга

1976 он. Хязаалан – Сүхбаатар аймгийн Халзан сум. Ч.Хурцын шарга

1983 он. Даага – Төв аймгийн Жаргалант сум. Б.Сандуйжавын шарга

1986 он. Соёолон – Төв аймгийн Сэргэлэн сум. Б.Өвгөний шарга

1988 он. Шүдлэн – Төв аймгийн Батсүмбэр сум. Д.Зэвгээгийн шарга

1989 он. Шүдлэн – Сэлэнгэ аймгийн Баянгол сум. Д.Чулуунбаатарын шарга

1990 он. Хязаалан – Сэлэнгэ аймгийн Баянгол сум. Балжингийн шарга

2000 он. Соёолон – Өвөрхангай аймгийн Хайрхандулаан. Э.Эрдэнэчулууны шарга

2000 он. Шүдлэн – Дундговь аймгийн Өлзийт сум. Б.Наранхүүгийн шарга

2002 он. Соёолон – Дундговь аймгийн Өлзийт сум. Б.Наранхүүгийн шарга

2004 он. Азарга – Дундговь аймгийн Өлзийт сум. Б.Наранхүүгийн шарга

2004 он. Даага – Төв аймгийн Сэргэлэн сум. А.Батсүхийн шарга

2007 он. Азарга – Дундговь аймгийн Өлзийт сум. Б.Наранхүүгийн шарга

2008 он. Азарга – Дундговь аймгийн Өлзийт сум. Б.Наранхүүгийн шарга

2009 он. Азарга – Дундговь аймгийн Өлзийт сум. Б.Наранхүүгийн шарга

2013 он. Хязаалан – Булган аймгийн Гурванбулаг. Д.Хишигжаргалын шарга. Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын шарга хязаалангаас хойш таван жилийн хугацаанд шарга зүсмийн морь Улс болон бүсийн наадамд одоогоор түрүүлээгүй байна.

Дашрамд дурдахад, тухайн үед Геологи, уул уурхайн яамны сайдаар ажиллаж байсан Чойжингийн Хурц гуай (хөдөлмөрийн баатар) Дарьгангын жаахан шаргын удамтай шарга үрээгээ Сүхбаатар аймгийн Халзан сумаас 1976 оны наадамд машинаар ачиж авчран уралдуулж түрүүлгэсэн. Энэ нь хурдан морийг нь хөлөөр нь хөтөлж бус машинд ачиж наадмын газар ирж уралдуулдаг өнөөгийн аргыг анхлан нээсэн үйл явдал байв. Улсын баяр наадамд түрүүлсэн дээрх хурдан шаргуудаас Тод манлай уяач Д.Хишигжаргалын шарга ажнай 2011 онд дааган насандаа Дундговь аймагт бүсийн, Б.Наранхүүгийн шарга азарга 2004 онд шигшмэл “Их хурд”-ад түрүүлснээрээ онцлог юм.

Тодотгоход, Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл болон бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан морьдын амжилтыг адилхан түвшинд үнэлдэг бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-т “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь 6 удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно” гэж заасан.

Эх сурвалж: aguulga.mn Е.МЯГМАРСҮРЭН

SHARE