Авлига авсан АТҮГ-ын Д.Батбаярын газрыг буцааж, “Эрдэнэс тээвэр”-ийн захирлыг 120 саяар торгожээ

АТГ-аас мөрдөн шалгаж, шүүхээс шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн нотлох баримт болох хоёр бичлэгийг өчигдөр прокурорын байгууллагын зөвшөөрлийн дагуу сэтгүүлч, олон нийтэд дэлгэн үзүүллээ.

АТГ-аас Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэгг нээн мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулсан. Мөрдөн шалгах ажиллагаааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-иудын ачааны автомашинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сараас 11-р сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас нийт 57,5 сая төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон. АТГ-ын мөрдөгчид Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын албан өрөөнд нэгжлэг хийх явцад “Эрдэнэс тээвэр” ХХК-иас хахуульд авсан 25 сая төгрөгийг илрүүлжээ.

Түүнийг 2018 оны зургадугаар сарын 25-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хцгацаагаар хасч, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62,5 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан тухай мэдээлсэн юм.

Тэгвэл уг авлигын хэргийн шүүх хурал ямар процесстой өрнөсөн талаарх шүүхийн шийдвэрийг шүүж үзлээ.

Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд бус Сүхбаатар дүүргийн шүүхэд болжээ. Шүүх хурлыг Мөнхбаярын Алдар даргалжээ. Уг хэрэгт Д.Батбаяраас гадна тус албаны Н гэх этгээдийг давхар буруутгаж ялласан байдаг юм байна. Түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс хасч, 3 сая төгрөгөөр торгожээ. Хууль бус орлого хэмээн хурааж авсан 62.5 сая төгрөгөөс 57.5 сая нь Д.Батбаярынх, 5 сая нь Н-ийнх юм байна.

Шүүх бүрэлдэхүүн зөвхөн Д.Батбаяр нарт  торгох ял оноогоод зогсохгүй авлига өгсөн Эрдэнэс тээвэр ХХК-ийн захирал С-д 120 сая төгрөгийн торгох ялыг оногдуулжээ. Шүүхийн шийдвэрийн дараа Д.Батбаярын нэр дээрх хоёр газрыг битүүмжлэлээс гаргасан байдаг аж. Тэрээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт амины зориулалттай газартай юм байна.

АТГ-аас уг хэргийн бичлэгээс гадна МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргийг баримттай дэлгэсэн. Гэвч уг хэрэгт Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Н.Баярсайханыг 40 сая төгрөгөө, Э.Аззаяа нарын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж байгаа юм. Гэвч уг хэргийн шүүхийн шийдвэрийн мэдээлэл шүүхийн нэгдсэн санд өнөөдрийг хүртэл ороогүй байна.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE