Дадашевийн эхнэр: Тэр хэзээ ч бууж өгөхгүй байсан, шүүгчийг би шүүхэд өгнө

ОХУ-ын боксчин Максим Дадашев Пуэрто-Рикогийн Субриэль Матиастай хийсэн тулааны 11 дүгээр раундад техникийн ялагдал хүлээж, рингнээс буусныхаа дараагаар хүнд гэмтлийн улмаас ухаан алдаж, нас барсан эмгэнэлтэй явдал гарсан. Тэгвэл Дадашевийн эхнэр Елизавета Апушкина тухайн тулааны шүүгч Кенни Шевальег шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

“Хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна лээ. “Амьд үлдэхийн тулд бууж өгөх ёстой байсан юм” гэх мэтээр. Хэрвээ боломжтойсон бол би түүнийхээ оронд амиа өгчихмөөр л байна. Тэгээд тэр маань хүүгээ өсгөсөн бол сайхан. Хүүтэйгээ хөгжилдөж, инээлдэж өөр шигээ сайн сайхан хүн болгох байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэвч дээрх сэтгэгдлийг бичсэн хүмүүс спортоос хол байх л даа. Спортын амжилтын төлөө яваа хүнд бууж өгөх, хулчийх эрх байдаггүй юм. Тэнд мөн баашлах, ядрах гэсэн ойлголт байдаггүй. Тэнд “Би чадахгүй нь ээ” гэх үг хэлдэггүй юм.

Тамирчид бол тулаанчид, дайчид байдаг юм. Тэд бол гладиаторууд, дээд хүмүүс. Тэд хэзээ ч бууж өгдөггүй юм. Тэд өвчин зовиурыг давж, сэтгэлийн их хүчээр өндийн босч, урагш тэмүүлдэг юм. Тэд бол сонгогдсон хүмүүс. Тиймээс л хэдэн тэрбумаас хэдхэн нь тамирчин болж өндөр амжилтад хүрдэг юм. Макс хэзээ ч бууж өгье гэхгүй байсан. Спортын амжилт бол түүний мөрөөдөл, түүний амьдрал.

Тиймээс л рингэн дээр шүүгч гэж байдаг. Шүүгч тамирчдын эрүүл мэндийг хамгаалах ёстой хүн. Хэрвээ нэг тамирчин нь гэмтэж бэртвэл шүүгч тулааныг зогсоох үүрэгтэй. Учир нь тамирчин хүн бууж өгдөггүй юм. Гэтэл шүүгч тэр тулааны үеэр тийм олон цохиулчихаад байхад нь нэг ч удаа хэрхэж буйг нь асуусангүй, эмч дуудаж үзүүлсэн ч үгүй.

Хэрвээ дасгалжуулагч нь тулааныг зогсоогоогүй бол шүүгч 12 раундыг дуусгах байлаа. Түүний ажлын ур чадвар, сэтгэлгүй байдал ийнхүү нөхрийн минь аминд хүрлээ. Би тэр шүүгчийг шүүхэд өгөх болно” хэмээн Апушкина мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE