Колашинац зэвсэгт этгээдүүдтэй нударга зөрүүлж, Озил тусламж эрэн гүйжээ

Английн “Арсенал”-ын Месут Озил, Сеад Колашинац нар Лондоны гудамжинд зэвсэглэсэн этгээдүүдэд дээрэмдүүлэх дөхжээ.

Герман болон босни хөлбөмбөгчдийг Лондоны нэгэн Турк рестораны орчимд “Мерседес”-тэй очиход скутер унаж, мэсээр зэвсэглэсэн этгээдүүд дайрсан байна. Гэмт этгээдүүдийг хараад Колашинац машинаас буун тэдэнтэй тулах үед Озил ойр орших ресторан руу гүйн орж, тусламж хүсчээ.

Гэрчүүдийн мэдүүлснээр бол Озил их айж балмагдсан байсан бөгөөд рестораны тогооч, үйлчлэгч нар гарч ирснээр гэмт этгээдүүд зугтаж оджээ. Хоёр хөлбөмбөгч юугаа ч дээрэмдүүлээгүйн дээр биедээ ямар нэгэн шарх гэмтэл аваагүй гэнэ.

Гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж буй юм байна. Харин энэ явдал Месут Озил болон Сеад Колашинацын улирлын өмнөх бэлтгэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж “Арсенал”-аас мэдэгдээд байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE