Дадашевийг үхлийн гэмтэл авсан тулаанд ялсан Матиас тайлбар хийжээ

ОХУ-ын 28 настай мэргэжлийн боксчин Максим Дадашев Пуэрто-Рикогийн Субриэль Матиастай тулаан хийж, 11 дүгээр раундад техникийн нокаутаар ялагдсан. Энэ нь түүний мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдал мөн сүүлчийн тулаан болсон тухай өчигдөр мэдээлсэн. Тулааны үеэр авсан гэмтлийн улмаас Дадашев эмнэлэгт амьсгал хураасан юм. Тэгвэл Субриэль Матиас энэ талаар олон нийтийн сүлжээнд ийм тайлбар үгс бичжээ.

“Өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө тэмцэж яваа хүн бүр үхэлтэй хэзээ тулахаа мэддэггүй.  Бид гэр бүлийнхээ сайн сайхны төлөө рингэнд гарахдаа хичнээн хэцүү аймшигтай зүйлтэй тулж буйгаа төдийлөн ухамсарладаггүй. Агуу тулаанч минь өндрөөс өндөрт дүүлэн нис дээ.

Аливаа зүйлийн мөн чанар утга учрыг зөвхөн бурхан л мэддэг. Би чамайг үргэлж хүндэлж дээдэлж, дурсаж явах болно. Амгалан нойрс доо, Максим Дадашев” хэмээн Матиас бичжээ.

Харин UFC-гийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов энэ явдлын талаар бодлоо хэлэхдээ “Спортоос илүү чухал зүйл амьдралд байдаг гэдгийг энэ гашуудалт мэдээ дахин нотоллоо. Ийм мэдээ сонсох бүртээ бие биенийгээ цохиж дэлсдэг энэ спортыг би үзэн яддаг.

Алдар нэр, хөрөнгө мөнгө, бүс медаль, бидний амьдрал гээд бүгд түр зуурынх. Бид бүгдээрээ энэ хорвоогоос явна. Хэн ч үлдэхгүй. Тэгэхээр бодох л хэрэгтэй. Максимын гэр бүл, ойр дотныхонд сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье” хэмээн Нурмагомедов өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE